
Монгол Улсын Зэвсэгт хүчний 264 цэргийн албан хаагчид өнөөдөр Чад улс руу хүлгийн жолоо залах гэж байна. НҮБ-ын мандаттай MINURCAT энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хоёрдугаар ээлжийн энхийг сахиулагчид нь Чад Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын зүүн хэсэгт төвлөрөөд байгаа дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, НҮБ, Төрийн болон Төрийн бус байгууллагуудаас үзүүлэх хүмүүнлэгийн ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, тэдний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын өмч, хөрөнгийг хамгаалах зэрэг үндсэн үүргийг гүйцэтгэхээрээ ихээхэн онцлогтой гэнэ. Цэргийн багт 34 анги байгуулагаас шалгарсан шилдэг цэргийн албан хаагчид багтсан бөгөөд тэдний 51 хувь нь өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан туршлагатай цэргийн албан хаагчид багтсан бөгөөд цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Л.Гансэлэм томилогдон ахлаж явах юм.
Энхийн үйлст хүчин зүтгэх монгол салаа тив алгасан алс хол хүний нутагт байлдааны өндөржүүлсэн бэлтгэл сургууль, эр зориг, тэсвэр тэвчээр, цэргийн хэргийн болон мэргэжлийн ур чадвараараа дэлхийд гайхагдаж байгаа цэнхэр дуулгатнуудынхаа залгамж халаа болохоор эдгээр энхийг сахиулагчид өнөөдөр Чингис хаан нисэх онгоцны буудлаас Чад улсын зүг хүлгийн жолоо зална. Эдгээр 264 энхийг сахиулагчид Чад улсад хүрэлцэн очоод ажил үүргээ хүлээн авсны дараа тус улсад 6 сарын хугацаатай үүрэг гүйцэтгээд ирсэн хурандаа Л.Онцгойбаяр захирагчтай нэгдүгээр ээлжийн цэргийн алба хаагчид энэ сарын 25-нд эх орондоо ирнэ.
Д.Долгор