Сэтгүүлчдийг АНУ-д сургана

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдийг АНУ-д сургана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар өмнө нь дөрвөн удаагийн ээлжээр 60 гаруй сэтгүүлчийг АНУ-ын Вашингтон хотноо англи хэлний түвшин дээшлүүлэх, мэргэжлийн сэтгүүл зүйн мэдлэгийг хөгжүүлэх сургалтад хамруулж байсан билээ. Уг сургалтыг дахин үргэлжлүүлж, дараагийн ээлжийн шалгалт авахаар болоод байна. Уг сургалтыг “Америкийн консул” /American Councils for international education/ байгууллагын хөтөлбөрийн дагуу явуулах юм. “Америкийн консул” нь АНУ-ын Вашингтон Ди Си-д байрлах олон улсын ашгийн бус байгууллага бөгөөд дэлхийн 25 улсад сарбартай, мэдлэг боловсролтой, өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг дэлхий дахинд бэлтгэх уриатай ажилладаг байгууллага юм.

Сэтгүүлчид энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-д суралцаж, хэвлэл мэдээллийн мэргэжлийн англи хэл эзэмшиж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжтой. Сургалтад хамрагдахыг сонирхсон хэвлэл мэдээллийн байгууллага тус бүр зөвхөн нэг ажилтныхаа материалыг илгээх боломжтой бөгөөд нэр дэвшүүлсэн хүмүүсээс шалгаруулан АНУ-д суралцуулахаар  илгээх юм. Тухайн хэвлэл мэдээллийн байгууллага дээрх сургалтад хамруулахаар нэр дэвшүүлэх сэтгүүлчээ ил тод, шударга байдлаар тодруулсан гэсэн баталгаа болгож хурлын протокол буюу холбогдох баримт материалыг хавсаргаж ирүүлнэ.

Сургалтад хамрагдах сэтгүүлчид тавих шаардлага:

  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
  • Тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хоёроос доошгүй жил ажилласан байх
  • Сэтгүүлч мэргэжилтэй байх
  • Уг сургалтад өмнө нь хамрагдаагүй байх

Бүртгүүлэх сэтгүүлчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанд холбогдох бичиг баримтаа хүргүүлнэ. Үүнд анкет, байгууллагын тодорхойлолт, байгууллагын батлан даалт зэрэг багтана.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж