&#34Нарны баяр бол монгол түмний эрдэнэ болсон баяр&#34

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

&#34Нарны баяр бол монгол түмний эрдэнэ болсон баяр&#34

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд буюу өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызын баяр, Нарны баяраа тэмдэглэдэг. Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс Чингисийн талбай дээр Наурызын баярын өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлал тогтоод буй. Өнөөдөр болсон уг өдөрлөг, “Кара жорга” урлагийн баярт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо. Төрийн тэргүүн болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Л.Эрхэмбаяр, албаны бусад хүмүүст “Кара жорга” биелгээ, казах үндэсний дуу хөгжим, Баян-Өлгий аймагт оршин суудаг олон ястны хувцас зэрэг үзүүлбэрийг сонирхуулсан юм.

Өдөрлөгт оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Казах түмний дээдлэн тэмдэглэдэг Нарны баяр энэ өдрүүдэд тохиож байгаад туйлын их баяртай байна. Нарны баяр, Наурызын баяр бол нийт ард олонтойгоо хамтарч тэмдэглэдэг монгол түмний эрдэнэ болсон баяр юм. Энэ удаагийн баяр олон сайхан үйл явдлаар дүүрэн байна. Дөнгөж сая олон бүтээлч иргэддээ төрийн одон, медаль гардуулаад гарч ирлээ.

Монгол орны газар бүрт манай казах иргэд ажиллаж, бүтээж яваа. Баян-Өлгий аймгийн ажил үйлс ч их өөдрөг сайхан байгаа. Уланбаатарт, Чингисийн талбай дээр Нарны баярыг тэмдэглэж, казах түмний өвөрмөц ёс заншлыг үзүүлж танилцуулдаг уламжлал тогтоод байгаад их баяртай байна. Нарны баяр бол Монголын ард түмний баяр юм гэдгийг хэлье. Энд хуран цугларсан ард иргэддээ Нарны баяр, Наурызын баярын мэндчилгээг чин сэтгэлээсээ дэвшүүлж, энэ жил та бүхний маань ажил үйлс, заяа хийморь нь улам өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингисийн талбай дахь Майдар төслийн байранд дэлгэсэн ах дүү зураач Ж.Ойлан, Ж.Толгау нарын уран бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Энэ үеэр Майдар төслийн явц байдалтай танилцсан юм.

Мөн Чингисийн талбай дээр барьсан казах үндэсний гэрт зочилж, гэрийн эзэн Ибрахимтай цаг агаар налгар дулаан, хүн зон амгалан, мал сүрэг тарган тавтай, Нарны баяр хөл хөөртэй сайхан болж байгаа талаар яриа хөөрөө дэлгэлээ.

Эх сурвалж: www.president.mn



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж