Музейг орхичихооч, МАН-ынхан

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Музейг орхичихооч, МАН-ынхан

В.И.Лениний музейн маргаан дэгдээд нэг жилийг үджээ. Гэтэл одоо хэр нь музейн хаалга цоожтой хэвээр.

Музейн асуудлаар өмчлөгч тал МАН, нөгөө талаас Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн хороо маргалдсаар бүтэн жилийн туршид шүүх танхимд талцсан. Одоогоос яг жилийн өмнө салбар яамныхан музейн үзмэр бүрэн эсэх бүртгэлийг шалгуулахаар цагдаа, хяналтын байгууллагад хандаж, дөрөвдүгээр сарын 1-нд музейг эргүүлэн авах асуудлыг анхан шатны шүүхээр оруулж байлаа. Тэгвэл хамгийн сүүлд 2014 оны гуравдугаар сарын 12-нд Улсын дээд шүүхийн шийдвэрээр Лениний музейг төрийн өмч болохыг тогтоосон. Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа ТӨХ, ССАЖЯ-наас хамтран хэвлэлийн хурал зарлаж, одоо музейдээ ийм үзмэрээ дэлгэнэ, Дарханд байгаа Т-Батаараа авчирна гээд л музейг жинхэнэ музей болгох төлөвлөгөөгөө танилцуулж байлаа. Ингээд “Музейг хүлээлгэж өгнө үү” гэх албан бичиг МАН-д илгээж, гуравдугаар сарын 19-нд музейгээ хүлээн авахаар товлосон юм. Асуудал үүгээр цэглэгдлээ гэтэл харамсалтай нь тэгсэнгүй.

Өнгөрөгч лхагва гаригт /III.19/ Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл тэргүүтэй албаныхан музейн үүдэнд очоод, МАН-ын төлөөлөгчдийг хүлээсэн ч ирээгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Р.Раднаасэд рүү утас цохиход “Юу яриад байгаа юм” гээд утсаа тасалжээ. МАН-ын зүгээс иймэрхүү ааш аяг гаргасаар музейг төрд хүлээлгэж өгсөнгүй.

Уг нь Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард Үлэг гүрвэлийн музей байгуулах тогтоол гаргасан бөгөөд В.И.Лениний музей нь зориулалтын ганц барилга учраас үлэг гүрвэлийн араг яг, түүхийн хосгүй үнэт олдворуудыг тийшээ нүүлгэхээр болсон юм. Тодруулбал, салбарын яам гадаадад алдаад эргээд олсон Т-Батаар, Байгалийн түүхийн музейд байрлах үлэг гүрвэлийн араг яс зэрэг овор хэмжээ их шаардсан үзмэрүүдийг Лениний музейд нүүлгэж, Хүүхдийн баяраар нийтэд дэлгэх зорилготой. Шүүхийн эцсийн шийдвэр, Засгийн газрын тогтоол гарчихаад байхад музейн түлхүүрээ өгөхгүй, үүдээ нээхгүй байгааг яах вэ? МАН-ынхан музейг зүгээр орхичихож болдоггүй юм уу, нэгэнт асуудал Дээд шүүхээр эцэслэгдсэн байхад.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж