2013 оны өрсөлдөх чадварын тайлан ёсоор Орхон аймаг бусдыг тэргүүлсэн байна. Харин Өмнөговь аймаг хоёрдугаарт, Дархан-Уул аймаг гуравдугаар байрт бичигджээ. Тэгвэл 2013 оны өрсөлдөх чадвараар хамгийн муу аймгаар Архангай аймаг тодорчээ.
Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулах ажил өнөөдөр /III.21/ Монголын хэвлэлийн хүрээлэнд боллоо. Хэвлэлийн хуралд ЭЗБӨЧСТ-ийн захирал Б.Лакшми, менежер И.Одончимэг, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захирал Штефан Ханселманн нар оролцлоо. Хэвлэлийн хурлын үеэр ЭЗБӨЧСТ-ийн захирал Б.Лакшми:
-Өрсөлдөх чадварын судалгааг аймаг бүрийн төлөв байдлыг хооронд нь харьцуулах замаар тодорхойлдог. Ингэхдээ эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд 180 үзүүлэлтээр 21 аймгийн өрсөлдөх чадварыг цогц байдлаар харьцуулан судалдаг. Судалгаанд аймгуудын тоо мэдээллээс гадна орон нутгийн бизнес эрхлэгчпийн санаа бодлыг тусгасан санал асуулгын үр дүнг ашигладаг. Энэхүү судалгаа нь хоёр дахь жилдээ гарч буй нь орон нутгийн өрсөлдөх чадварыг хэмжих төдийгүй өөрчлөлтийг харах боломжийг бүрдүүлж байгаа юм гэдгийг онцоллоо.
Энэ удаагийн тайлангийн үр дүнгээс харахад хөдөө орон нутгийн хөгжлийг хойш татаж буй хүчин зүйлс нь аймгийн хөгжлийн урт хугацааны бодлого байдаггүй. Мөн дэд бүтэц, бизнесийн орчныг сайжруулахтай холбоотой асуудлууд тулгарч байсан гэнэ. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд төрийн бодлогоор анхаарах зүйлс байгаа нь анзаарагдсан гэнэ.
Хамгийн түрүүнд орон нутгийн хөгжлийн бодлого, зорилтуудыг оновчтой тодорхойлох шаардлагатай. Мөн дэд бүтцийг хөгжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах нь зүйтэй гэдгийг судлаачид хэлж байна.
Судалгаа нь аймгуудыг өрсөлдүүлэх нь чухал биш. Харин хөгжлийн ялгаа хэр их байгааг, давуу болон сул нь юу вэ гэдгийг тодорхойлж, аймаг орон нутагт мэдээ, мэдээллийг олгохыг зорьжээ.