Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Тавантолгойн тайлал

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “хулгайч”
төрд Тавантолгойгоо алдах вий гэж анхааруулжээ. Энэ бол Тавантолгойн 80
хувь төрийн өмч байж, түүнийг нь “Эрдэнэс МГЛ” харгалзаж байна гэсэн
одоогийн Засгийн газрын “алс”-ын хараатай тактикийг хэлж буй хэрэг.
Анхнаасаа төр Тавантолгойн 100 хувийн эзэмшигч байна гэж байн байн
хэлээд байсан нь “төр” гэж өөрсдийгөө нэрлээд байгаа хэсэг бүлгийнхэн
амттайхан бялуугаа тухтайхан эзэгнэх урьдач PR нь байж. Хэрэг бишдээд
ирэхээр Монгол Улсын иргэн бүрт хувьцаа эзэмшүүлнэ гэсэн сайхан мөртлөө
хоосон үгээр хүмүүсийн харцыг хэсэгтээ баясгасан. Одоо барьж байгаа
тактик нь Тавантолгойн ордыг хоёр хэсэгт хувааж, зөвхөн нэг хэсгийнх нь
10 хувийг иргэддээ хувьцаа болгож өгч, бас нэг 10 хувь дээр нь дотоодын
компаниудаа “зодолдуулах”, харин хоёр дахь хэсгийг гадаадын хөрөнгө
оруулагчдад найр тавин өгөх. Ерөнхий сайдын сайхан амлалтын тайлал нь
үнэндээ өрөм тосыг нь төр эзэмшээд иргэдэд хусмыг нь долоолгох үгүй нь ч
ээдрээтэй. Үлгэр байжээ, одоо харагдаж байгаа өнцгөөр бол…

Анх
Ерөнхий сайд UB palase-т болсон залуучуудын уулзалт дээр Монгол Улсын
иргэн бүрт хувьцаа тараана гэж “гялайлгасан”. Дараахан нь зургадугаар
сарын 10-нд УИХ-ын чуулганы индэр дээрээс “Алгаа тосдог бус ажил хийдэг
үе ирлээ” гэж тунхаглан Тавантолгойн асуудлыг “Хөгжилтэй улс орон,
бүтээгч ард түмэн болох үзэл баримталд тулгуурласан” гэж хэлэхэд
уярамхай заримын нүдний нулимс цийлэлзтэл баярлан догдолсон гэсэн. Ердөө
л нэг хэсгийнх нь 10 хувийг хусам болгох төлөвлөгөө зохиочихоод яаж
ингэж гэж хэлж чадаж байна аа? Угаасаа байдаг эсэх нь тийм ч тодорхойгүй
ичих нүүр гэдэг үгийг энд хэрэглэхэд ч ахдам санагдана.

Уг нь
Ерөнхий сайдын бахархалтайгаар хэлсэн “Хувьцаа хүртээнэ” гэсэн үгийг
иргэн бүртээ хувьцаа эзэмшүүлэх, Тавантолгойн орд газрынхаа жинхэнэ эзэд
нь байх, УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилсан иргэн бүр баялгийнхаа эзэн
байх “Баянмонгол” корпорацийн санаачлага биелэх нь ээ гэж харж байсан.
Одоо ордын нэг хэсгийг 10 хувийг нь л хувьцаа болгоно гэж байгаагаар бол
баялгийг өрмийг хүртэгсэд нь ирээдүйд хэн байхыг торохгүй тааж болохоор
байна. Албан ёсны хэллэгээрээ бол төр. Ерөнхий сайдын хэлснээр бол
“алгаа тосдог бус ажил хийдэг хүмүүс…”. Алгаа тосдог нь 10 хувийн
хувьцааны хишиг хүртэж магадгүй байгаа, ард түмнийг хэлсэн хэрэг байх.

Төр
гэдэг ингэхэд хэн билээ. Тэр тусмаа Монголын төрийн нүүр царай өнөөдөр
ямархан байгаа билээ. Авлига, хээл хахуульд бүрэн идэгдсэн төрд
Тавантолгойгоо бүрэн өгчихвөл яах вэ? Тавантолгойн лицензийг эзэмшигч
“Эрдэнэс МГЛ” гэдэг бол ердөө л төр хэмээгчдийн гар хөлийн үзүүр. Тэд
ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж, баялгаа хоточ банхар шиг
хамгаалж, жинхэнэ менежер шиг ажиллана гэдэг бол ёстой үлгэр. Ердөө л
“Эрдэнэт” шиг тухайн үедээ төрийг төлөөлөгчдийн саалийн үнээ, шахааны
газар болно гэдэгт эргэлзэх зүйл үгүй. “Эрдэнэт” өнөөдөр Монголыг тэжээж
байгаа гэдэг боловч иргэдэд яг юу ногдсон юм бэ, траншейны хүмүүс
тараасан чацарганы шүүс болоод 70 мянган төгрөгийг эс тооцвол. Төрийн
гэдэг нэртэй тэр саалийн үнээг эрх баригчид, төрийн албатууд, улстөрчид,
тэдэнтэй хэлхэлдсэн олигархиуд болоод ар өврийн хаалгатнууд л хөхөж
байгаа биз дээ. Төрийн гэдэг нэртэй тэр газар шахааны бизнес эрхлэгчдийн
үүр уурхай, төрийн мөнгийг зувчуулах “алтан” боломжийн ордон л болоод
байгаа биз дээ. Гэтэл эдүгээ монголчуудын хөгжлийн боломж гэгдэж байгаа
Тавантолгойг хоёр дахь “Эрдэнэт” болгох төлөвлөгөө боловсруулжээ. Төрийг
мөнгө олох хэрэгсэл гэж хардаг болсон улстөрчид сонгуулийг “саалийн
үнээ”-нээс хөхөх боломж олохын төлөө л үхэлдэн тэмцэлддэг гэхэд
хилсдэхгүй. Сонгуульд ялж, эрх барихаас “Эрдэнэт”-д өөрсдийнхөө
“нүх”-ийг ухаж, өөрсдийнхөө хүнийг шургуулахын төлөөх тэмцэл илүү ширүүн
байдаг. Нэгэнт л төр дийлэнх хувийг эзэмшинэ гэдгээ ил тод зарлаж
байгаа болохоор одоо “Эрдэнэс МГЛ” “Эрдэнэт”-ийн орыг залгах “алтан
боломж” болох нь. Энэхүү “боломж” эрх баригчдын томилгооны хугацаагаар
хэмжигддэг болохоор Тавантолгойн гол эзэмшигч төрийн өмчийн “Эрдэнэс
МГЛ”-д хэнийг тоглуулахаа бас тэд мэднэ. Засгийн газар эрхээ авч,
“Эрдэнэс МГЛ” ордыг эзэмшигч байхыг баталгаажуулж чадах юм бол “хулгайч”
төрийн хулгайн гар Тавантолгойн 80 хувьд торох зүйлгүйгээр “бүжиглэнэ”
гэсэн үг.

Найр наадмын цаг тулгаж, ямар ч хамаагүй аргаар гэрээ
байгуулах эрхийг гартаа оруулах гэж Засгийн газар улайран зүтгэж
байгаагийн учир энэ. Угаас цагаан сар, баяр наадам дөхүүлээд хамгийн
чухал асуудлыг УИХ руу шургуулан оруулж ирж батлуулдаг нь гэм биш зан.
Найр наадамдаа яарсан, бас өөр “хүндэтгэх шалтгаан”-тай гишүүд
Тавантолгойн хөрөнгө оруулагчийг тодруулах, гэрээг байгуулах эрхийг
Засгийн газарт өгч гэмээнэ хойноос хашгирах арга үгүй болно.
Тавантолгойн төлөөх хулгайч төрийн хуйвалдааны жүжгийн эхний хэсэг
амжилттайгаар төгсч, дараагийн бүлэг рүү дайрч байгаа юм биш биз?

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж