“Орчлон” сургуулийн төгсөгчид IGCSE-ийн шалгалтанд 93.3 хувийн амжилт, 81.3 хувийн чанартай шалгагдаж байна. Түүнээс гадна нийт төгсөгчдийн 97 хувь нь гадаадын болон Монголын их, дээд сургуульд элсэж байгаагаас 70.5 хувь нь АНУ, Их Британи, Япон, Австрали, ОХУ, Хонконг, Сингапур, Хятад, Солонгос, Герман зэрэг улсын нэр хүндтэй сургуулиудад суралцаж байна гэсэн судалгаа байдаг аж. Түүнчлэн их, дээд сургуульд элсэн орох гол шалгуур болсон Элсэлтийн ерөнхий шалгалтад авсан оноогоороо “Орчлон” сургуулийн төгсөгчид улсдаа дээгүүр бичигдэж буй нь дурьдахгүй байхын аргагүй амжилт билээ. Бахархам түүх, амжилтаараа ийнхүү манлайлагч тус сургууль ирэх намар суралцагчдынхаа хичээллэх орчин нөхцөлийг улам сайжруулж, ая тухтай орчин бүрдүүлсэн хичээлийн шинэ цогцолбороо хүлээж авах гэж байгаа гэсэн сайхан мэдээ сүүлийн үед дуулдах болов. Энэ мэдээг тодруулах зорилгоор саяхны нэг өдөр “Орчлон” сургуулийг зорьж очиж Ерөнхий захирал Д.Батмөнхтэй уулзаж ярилцлаа.
-Танай сургуультай танилцлаа, сайхан хичээлийн байр, орчинтой юм байна, их таалагдлаа. Ирэх намар шинэ байр ашиглалтанд орох юм байна, хоёр байранд зэрэг хичээллэх үү?
-“Орчлон Кембриж” олон улсын сургууль нь хоёр цогцолбортой болох юм. Шинэ цогцолбор болох “Орчлон-2” маань бага, дунд сургуулийн сургалтын онцлог, хүүхдийн нас, физиологи, эрүүл ахуйн стандартын шаардлагад тохируулан төлөвлөсөн зориулалтын барилга байх юм. Хан-Уул дүүрэгт байрлах шинэ сургуульд нэгээс наймдугаар ангийнхан шилжиж суралцана. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр сургуулийн хажууд цэцэрлэгтэй байна. Одоогийн “Орчлон” сургууль маань есөөс дээш ангийнхан суралцдаг ахлах сургууль болно. Шинэ цогцолборыг “М-Си-Эс” групп 50 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгож байгаа, энэ бол хувийн хэвшлийн зүгээс боловсролын салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм.
-Ахлах сургуулийн сурагчдын хувьд суралцах илүү таатай боломж бий болох уу? Тэдэнд зориулсан ямар шинэ хөтөлбөр нэвтрүүлж байгаа вэ?
-2014 оны хичээлийн жилээс ахлах сургуульд бид “Ухаалаг сургууль” онлайн сургалтын орчныг бий болгож байна. Уг хөтөлбөр сургуулийн дотоод мэдээллийн сан, үнэлгээний систем, онлайн сургалтын интерактив хөтөлбөр гэсэн гурван хэсгээс бүрдэх юм. Эцэг эх, сурагч багш, сургууль хоорондын холбоо, сургуулийн дотоод мэдээлэл солилцоо хурдтай явагдахаас гадна цаг зав хэмнэсэн, бүтээмж өндөртэй, ухаалаг бүтэц бий болох юм. Ухаалаг ном, онлайн сургалтын интерактив хөтөлбөр гэхэд л сурагчдыг Кембрижийн олон улсын болон үндэсний хөтөлбөр эзэмшихэд туслахын зэрэгцээ гадаадын нэр хүнд бүхий их, дээд сургуулиуд болох Харвард, Стенфорд, Корнелл зэрэг сургуулиудын онлайн хичээлийг судалж, давхар кредит сертификатууд авах боломжийг олгох давуу талтай. Түүнчлэн ирэх хичээлийн жилээс бид дунд болон ахлах сургуулийн сурагчдадаа зөвхөн сургалтын зориулалттай таблет хэрэглүүлнэ. Мөн Е-номын сантай болох юм.Ахлах ангийн сурагчид маань бэлтгэл шатны оюутнууд шүү дээ, тэгэхээр тэдний хичээх цаг нь.
-Кембрижийн хөтөлбөрийн гол давуу тал нь үндэсний боловсролын хөтөлбөртэй хослуулж болдогт байдаг гэдэг. Тэгэхээр хүүхдүүд англи, монгол хэлээ эн тэнцүү үзнэ гэж ойлгож байгаа?
-Аливаа улс орны хөгжил боловсролынх нь салбараар хэмжигддэг. Жишээ нь, Сингапур зэрэг хөгжилтэй орны туршлагыг харахад боловсролынхоо салбарт Кембрижийн хөтөлбөрийг үндэснийхээ хөтөлбөртэй хослуулаад нэлээн сайн суурь тавьсан байгаа юм. Анх бид 2001 онд сургуулиа байгуулж байхдаа л олон улсын Кембрижийн хөтөлбөртэй болъё гэж төлөвлөж зургаан настай хүүхдүүдийг авсан. Кембрижийн хөтөлбөрийн гол давуу тал нь олон улсын шаардлагыг хангасан бас үндэсний хэл соёлоо сайн эзэмшсэн байхад оршино. Хос хэлтэй хөтөлбөрийн тухайд бид академик сургалтаа явуулаад, сурагчид маань 5, 8, 10-ын Кембрижийн шалгалтуудаа англи хэл, математик, байгалийн ухаан, дэлхийн түүх, газар зүйн хичээлээр, A-level-ийн шалгалтыг их, дээд сургууль, коллежийн бэлтгэл ангидаа өгдөг. Кембрижийн шалгалт өгсөн манай сурагчдын шалгалтын дундаж оноо олон улсын дунджаас дээгүүр гарсан. Энэ бол олон улсын хөтөлбөрийн маань чанарын баталгаа. Жишээлбэл, манай А левелийн төгсөгч Д.Будмондэ дэлхийд тэргүүлэх сургуульд тооцогддог MIT буюу Массачусетсийн их сургуульд тэтгэлэгтэй сурах болзол хангасан мэдээг саяханхүлээн авлаа. Энэ сурагч маань “Энержи Ресурс” компанийн тэтгэлгээр манай сургуульд суралцдаг 15 сурагчийн нэг байгаа юм. Өнөөдөр боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт Монголын ирээдүйн хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт болж байгаа сайхан жишээ энэ гэж бодож байна.Мөн манай боловсролын чансаа дэлхийд танигдаад эхэллээ гэсэн үг. Манай сургалтын хоёр дахь чанарын баталгаа гэвэл дотоодын их, дээд сургуульд ороход босго оноо болдог Элсэлтийн Ерөнхий Шалгалтын оноогоор улсдаа нэгдүгээрт жагссан явдал. Гадаадын их, дээд сургуульд элсэхэд авдаг TOEFL, IELTS, SAT-ын шалгалтыг манай сурагчид маш өндөр оноотой өгдөг. Манай төгсөгчид Америк, Австрали, Англи, Хятад улсын маш сайн сургуулиудад Засгийн газрын болон сургуулийнх нь тэтгэлгээр сурч байна. Энэ бол манай сургалт, хос хэлтэй хөтөлбөр маш ирээдүйтэй, манайд маш сайн нутагшиж чадсаныг харуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд бид сургалт арга зүйгээ сайн босгож, сурах бичиг, багшийн чадварлаг багаа бүрдүүлж чадсаныг нотлож байна. Сайн сургуулийг сайн багш нар л авч явдаг. Би тэднээрээ бахархдаг. Гадаадын сайн сайн багш нар манайд бий. Сургалт арга зүй, багш сургах процессоороо онлайнаас авахуулаад багш бэлтгэх бүсийн сургалтууд, сургалт аргазүйн семинаруудыг маш нээлттэй хийдэг. Манай багш нар Кембрижийн эдгээр сургалтад хамрагддаг, Хятад, Сингапур, Англи, Хонконг, Герман зэрэг оронд туршлага судалж, аргазүй ур чадвараа байнга дээшлүүлдэг.
-“British school”, “American school” зэрэг олон улсын сургууль Монголд байгуулагдсан. Тэр сургуулиудтай харьцуулбал танайх ямар онцлогтой вэ?
-Боловсролын салбарт нэг ч гэсэн сургууль нэмэгдэж, оршин тогтнож, олон болж байгаа нь олзуурхууштай. Нийгмийн дунд янз бүрийн сонголттой сургууль байх хэрэгтэй шүү дээ. Тэгж байж дундаас нь чанар харагдана. Манай сургуулийн хувьд гэвэл миний бахархаж хэлдэг ганц зүйл нь эх орондоо, ээж аавынхаа дэргэд дэлхийд танигдсан, нэр хүндтэй Кэмбрижийн боловсролыг эзэмшиж, дээрээс нь эх орныхоо үндэсний стандартын гэрчилгээтэй төгсөнө гэдэг бол монгол хүүхдүүдийн хувьд маш том боломж. Эх хэл, үндэснийхээ хэв маягийг хадгалж чадаж байгаа нь хос хэлтэй хөтөлбөрийн давуу тал юм. Байшингийнхаа суурийг маш сайн тавих хэрэгтэйн адил сургуулийн өмнөх боловсрол, манай Монтессори цэцэрлэг их чухал. Гурван настайгаасаа хүүхэд цэцэрлэгт явж, төлөвшихүй, бие даах чадвар, амьдрах ухаан, математик сэтгэхүй, үг хөгжил зэрэг хичээл үзээд цэгцтэй сайхан болоод ирэхээр зургаан настайгаас нь бага боловсрол олгоход маш дөхөм байдаг. Зургаан настнуудын нэгдүгээр ангийн хөтөлбөр маань бас хос хэлээр явагддаг. Мөн эдгээр хөтөлбөрүүдийг бид үндэсний чадварлаг боловсон хүчнийхээ мэдлэг чадвар, туршлага дээр үндэслэн хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой.
-Танай сургууль “Үдийн цай” хөтөлбөрөөрөө эрүүл, зөв зохистой хооллолтыг сурагчдадаа сурталчилж, ихээхэн дэмждэг гэж сонссон?
-Манай сургууль нэг ээлжээр хичээллэдэг болохоор бүх сурагчид энэ хөтөлбөрт хамрагддаг. Тийм учраас “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн халуун хоолны үйлчилгээ” болгож, өргөн хүрээтэй явуулж байгаа. Бид эрүүл мэндийн боловсролын “Цагаан толгой” болсон зөв зохистой хоол, усны хэрэглээний боловсролыг хүүхдүүддээ олгож байна. Ер нь зөв зохистой хоол, органик хүнсний хэрэглээ дэлхий дахинд, Монголд маш дэвшилттэй, хурдацтай орж ирж байна. Бид ч үүнд мэдрэмжтэй хандаж, хүний төлөө гэсэн үйлчилгээ үзүүлэхийг зорьдог.
-Танай сургуульд олон дугуйлан секц хичээллэдэг юм байна. Хүүхдүүд их дуртай байдаг байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Хүүхдүүддээ ачаалал өгөхгүй, бүх талын боловсрол олгохыг бид зорьдог. Урлагийн үзлэг, спортын уралдаан тэмцээн гээд манай сургалт, хүмүүжлийн уламжлал болсон ажлууд бий. Эрэгтэй хүүхэд математиктаа мундаг, гитараа дараад, сагс тоглоод явж байвал гоё шүү дээ. Эмэгтэй хүүхэд сурлагадаа сайн, чамбай цэгцтэй байвал сайхан. Манай хүүхдүүд сургуульдаа ирэх маш их дуртай байдаг. Бид бодлогоор үндэсний хөгжмийн чуулга гаргаж байгаа. Хүүхдүүдэдээ урлаг, гоо зүйн боловсрол олгоход зориулж шинэ сургуульдаа 250 хүүхдийн суудалтай театр байгуулж байгаа. Австралийн “Себел” брэндийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг захиалан авчирч байна. Цэцэрлэг, сургууль, 50 метрийн урттай гурван зам бүхий усан бассейн, спорт заал, урлагийн танхим, хоолны заал гэсэн хэсгээс шинэ цогцолбор маань бүрдэнэ. Энэхүү цогцолбор нь 1110 хүүхдийн суудлын багтаамжтай, бага ангийн 25, дунд ангийн 15, нийт 40 бүлэг, цэцэрлэгийн найман бүлэг тэнд хичээллэнэ.
-“Орчлон 2” цогцолбор Хан- Уул дүүрэг рүү хотын төвөөс бага зэрэг зайтай болох нь. Танайх сурагчдын автобустай байх аа?
-Байлгүй яахав. Их чухал асуудлыг нийслэлийн захиргаа шийдвэрлэсэн.Хотын утаа, замын түгжрэлийг зохицуулахад нийслэлдээ оруулж байгаа нэг том хувь нэмэр гэж бид ойлгодог.Гэхдээ энэ асуудал дээр хотын захиргаа, замын цагдаатай хамтарч ажиллах, мэргэжлийн туслалцаа дэмжлэг шаардлагатай нийтлэг бэрхшээл тулгарч байна. Нэг сургууль мэдээд олон хүүхдийг автобусаар тээвэрлэнэ гэдэг амаргүй. Замын хөдөлгөөнд оролцож байгаа зарим жолооч олон хүүхэд тээвэрлэж байгаа автобусанд анхаарал болгоомжтой хандахгүй байна. Сургуулийн зориулалтын автобус хэрэгтэй байна.Энэ асуудлыг хариуцсан хүүхэд тээвэрлэх эрхтэй компани байх зэрэг зөв шийдэл олох ёсттой юм шиг санагддаг.Манай хүүхдүүд автобусандаа суугаад зорчих их дуртай.
-Та сүүлийн үеийн онцлох сониноосоо хуваалцаач?
-Бид хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Миссури мужийн улсын Их Сургуультай хамтран ажиллаж, дуэл кредит буюу тухайн сургуулийн хичээлийг энд ахлах ангидаа үзэж сертификат, кредит авах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд багш нараа ч сургах хөтөлбөр багтаж байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: “ӨНӨӨДӨР” сонин