Хагас цагт гурван хүн усанд осолджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Хагас цагт гурван хүн усанд осолджээ

Амралт, зугаалгын улирал эхэлж, зуны халуунд сэрүүцэх зорилгоор гол усанд орж улмаар анхаарал болгоомж алдан осолдож,  амь насаа алдах харамсалтай тохиолдол нэмэгдэж байна. Ойрын өдрүүдэд цаг агаар хэт халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 26-31 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Говийн нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газраар 33-38 хэм бусад нутгаар 30-35 хэм байна. Харин нийслэлд 33-35 хэм дулаан байна. Агаарын хэт халуунаас үүдэн иргэд сэрүүцэж, амрахаар гол, ус руу ихээр зорих болжээ. Гэвч санамсар болгоомжгүйгээс усанд осолдож, амь насаа алдаж буйгаа харамсалтай тохиолдол Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсээр байна.

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан судалгаагаар,

-2008 оны эхний найман сарын байдлаар гэхэд 72 тохиолдлоор 18 аймгийн 47 сум, нийслэлийн хоёр дүүргийн нутагт 88 хүн гол, усанд осолдсон байна. Үүнээс 19 нь хүүхэд байжээ.

-2009 онд эхний найман сарын байдлаар 60 тохиолдоор 15 аймгийн 36 суманд 67 хүн гол усанд осолдож, амь насаа алдсан байна. Үүний 19 нь хүүхэд байжээ.

– 2010 он гарсаар эхний зургаан сарын байдлаар нийт 36 удаа буюу 11 аймгийн 26 суманд 26 удаа, нийслэлийн дөрвөн дүүрэгт 10 удаагийн тохиолдлоор гол усанд хүн осолдож, амь насаа алджээ. Үүнээс  15 нь хүүхэд байна.   

Түүнчлэн хэт халж, түр зуурын дуу цахилгаантай бороо орсноос гол, ус үерийн аюултай нөхцлийг бий болгоод байгаа аж. Тухайлбал, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Хангай нурууны арын Орхон голын усны түвшин үерийн аюултай түвшинг 15-40 см  даван хүчтэй үерлэж, Хэнтий нуруунаас эхтэй Хэрлэн гол Мөнгөнморьт орчмоор, Алтай нурууны Дунд цэнхэр, Булган гол үерийн түвшинг давсан хэвээр байгаа аж. Иймд дээрх голын дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, амралт, аялал зугаалгаар явахдаа үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Мөн түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын харъяа албадууд иргэдэд хандан гол усны аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гол усанд явуулахгүй, тоглуулахгүй байхыг онцгойлон анхааруулж, сурталчилгаа таниулга хийж эхэллээ.  Энэ ажлын хүрээнд өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд хандан анхааруулга  өглөө. НОБГ-ын гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Сүхбаатар “Иргэд гол усанд сэрүүцэхээр орохыг бид хориглохгүй. Гэхдээ аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Гол усанд осолдож, амь насаа алдаж байгаа иргэд ихэвчлэн согтуурулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогддог.  Согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үедээ хүйтэн усанд ороход шөрмөс нь татаж, биеэ хамгаалах чадваргүй болдог юм. Ялангуяа эцэг эхчүүдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гол, усанд явуулахгүй, тоглуулахгүй байх, залуучууд бие биедээ сайрхаж онгирон усанд орж, санамсар болгоомжгүйн улмаас амь насаа алдах эрсдэл учирч  байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн баасан гаригийн  22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Хар усан тохой орчимд хагас цагийн дотор гурван хүн усанд осолдож, амиа алдсан харамсалтай тохиолдол гарлаа” гэв.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж