Намуудын амлалтыг хаах төслийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Намуудын амлалтыг хаах төслийг хойшлуулав

УИХ-ын Төрийн байгуулалтын байн­гын хорооны  хуралдаанаар ги­шүүн Ө.Энхтүвшин нарын өргөн мэ­дүүл­сэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, гишүүн Х.Тэмүүжин нарын санаачилсан  УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл , гишүүн Су.Батболд нарын өргөн  барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан юм. 

Харин гишүүн Ч.Сайханбилэг “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслөөр байнгын хорооноос ажлын хэсэг томилогдож,  дөнгөж анхны хур­лаа хийсэн. Ардчилсан намын бүлэг УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг нэг мөр болгож цэгцлээд дараа нь УИХ-ын тухай, дэгийн тухай хуулийн төслүүдийг хамтад нь ярилцах нь зүйтэй гэсэн байр суурь дээр нэгдсэн.. Иймээс энэ чиглэлийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх саналтай байна. Ардчилсан намын бүлгийн хурлаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар ярилцаад Улсын бүртгэлийн ерөнхий хууль батлагдаад удаагүй байгаа учраас шинэ хуулийг хэрэгжүүлэх бололцоог хангах үүднээс эдгээр хуулийн төслийн хэлэлцэх асуудлыг хойшлуулахаар тохирсон” гэлээ.

 Гишүүн Д.Лүндээжанцан хаврын чуулган завсарлахад тун хугацаа бага үлдсэн, хэлэлцэх асуудал их байгаа гээд үлдсэн хугацаанд гол хуулиудаа хэлэлцэж шийдэх бололцоо байгаа эсэхийг лавласан юм.  Байнгын хороо­ны дарга Ө.Энхтүвшин “Хаврын чуул­ган хэзээ завсарлах нь Ардчилсан на­мын бүлгээс шалтгаалж байна. Байн­гын хорооноос хамаарах асуудал байх­гүй. Ардчилсан намын бүлэг олон удаа завсарлага авч, тэр хэрээр хуга­цаа алдсанаас ийм байдалд хүрлээ. Бид асуудалд бодитой хандаж, УИХ-ын сонгуулийн тухай, УИХ-ын ту­хай, дэгийн тухай хуулиудаа энэ хаврын чуулганаар хэлэлцэж батлах шаардлагатай. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ч яаралтай хэлэлцэж хуулийн зөрчлийг арилгах ёстой” гэж байв.  Ч.Сайханбилэг гишүүн “Байнгын хорооны даргатай санал нэг байна” гээд, гэвч Ардчтилсан намын бүлгээс чуулганы завсарлага шалт­гаална гэж хэлж болохгүй.  Төс­лүүдээр нэгдсэн ойлголцолд хү­рэх нь чухал. Тэгвэл хуулиудыг ганц өдөрт баталж амжина.Гол нь хугацаагаар шахаж шаргуу ажиллан үр дүнд хүрэхийн төлөө байгаа гэдгийг тайлбарласан юм.

Н.Энхболд гишүүний ахалсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг хуралдаж, хуулийн төслийн нэгтгэсэн хувилбарын талаар УИХ-ын Тамгын газрын нарийн бич­гийн дарга С.Магнайсүрэнгийн мэдээл­лийг сонсчээ. Тэгээд сонгуулийн тогтол­цоо­ноос бусад асуудлын талаарх сана­лаа энэ пүрэв гаригт ажлын хэсэгт оруу­лах чиглэл өгсөн юм байна.  Гол нь на­мууд сонгуулийн тогтолцооны ямар хувилбарыг авах тал дээр  нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй учраас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэг гацаад буй ажээ.  Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар дээрх хуулиудын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төс­лүү­дийн анхны хэлэлцүүлгийг хийхээр бол­­сон юм.

Хуу­лийн төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт танилцууллаа. Гэвч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлтэй уялдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн улс төрийн амлалтыг хязгаарлахтай холбогдсон хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар байнгын хорооны гишүүд ярилцаад УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр хамтад нь нарийвчлан үзэж нэгтгэн хэлэлцэх горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр хэлэлцүүлгийг мөн хойшлуулахаар болсон юм.
Хуулиудын төсөлд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуулийн амлалт Засгийн газрын амлалтаас давахгүй байх, үүнийг биелүүлээгүй бол сонгуульд өрсөлдүүлэх жагсаалтаас тухайн хүнийг хасах ажээ.

Мөн УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, бие даагчдын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан нийгмийн хамгаалал, халамжийн шинжтэй арга хэмжээнд нэгдсэн төсвөөс шаардагдах санхүүжилтийн хэмжээний нийт дүнд хязгаар тавьжээ.  Уг санхүүжилтийн хэмжээ нь  сонгууль болох тухайн жилд УИХ-аас баталсан төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдэлд тусгасан гурван жилийн хугацаанд Монгол Улсын нийгмийн халамжийн хуулийн дагуу төлөвлөсөн нийгмийн халамжийн зарлагын нийлбэр дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх аж. Ирэх 2012 оны байдлаар энэ нь 148 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байх ёстой гэнэ.
Бас шинэ төрлийн зорилтот арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийн хэмжээний нийт дүн нь сонгууль болох тухайн жилд УИХ-аас баталсан төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдэлд тогтоосон гурван жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын нийлбэр дүнгийн таван хувиас хэтрэхгүй байна гэж төсөлд тусгажээ. Эдгээр шалгуурыг хангаагүй нам, эвсэл, бие даагчийг сонгуульд оруулалгүй хасах эрх СЕХ-нд бий гэж төсөлд тусгасныг СЕХ-ны дарга Н.Лувсанжав хүлээн авах боломжгүй гэж байв. Тэрбээр хэрэв СЕХ ийм эрх эдэлбэл улс төржсөн үйл ажиллагаа болно. Мөн бие даасан байдал харшилна хэмээж байлаа. Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан төслүүдийн хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлууллаа.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж