Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар Монголын сүүний нэгдсэн холбоо хамтран нийслэлд сүү нийлүүлэгч фермерүүдийн чуулганыг өнөөдрийн туршид зохион байгуулж байна. “Орчин цагийн фермийн хөгжил ба амьд сүү брэнд” уриатай уг зөвлөгөөнд албаныхнаас гадна сүү бэлтгэн нийлүүлэгчид, малчид оролцож, санал бодлоо хэлж байгаа юм. Зөвлөгөөн гурван хэсэгтэй бөгөөд “Амьд сүү” брэнд хөгжүүлэх хамтын ажиллагаа, саалийн фермийн технологийн дэвшил, хөгжлийн тулгамдсан асуудлаар багцлан ярилцаж байна.
Хүнсний тухай хуулиар сүүг хүнсний стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн гэж тодорхойлсон ч өнөөгийн байдлаар төвлөрсөн суурин газрын сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэгцээний дөнгөж 20 орчим хувийг дотоодод бэлтгэсэн шингэн сүүгээр хангаж байгаа ажээ. Энэ нь жилийн дундаж багцаа бөгөөд хүйтний улиралд шингэн сүүгээр үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрс татарч, бүхэлдээ хот хөдөөгүй хуурай сүүний хэрэглээнд шилжиж буй. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд малчдын сүүний үйлдвэрт тушаах сүүний үнийг тогтворжуулах хэрэгтэйгээс гадна төр засаг, орон нутгийн захиргаа нийлэн саалийн фермийг хөгжүүлэх шаардлагатайг хурлын үеэр оролцогчид онцолсон юм. Саалийн фермд тэжээл тариалах, үнээ бэлчээх газрын асуудлыг цогцолбороор шийдвэрлэснээр сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хуурай сүүний импортыг халах бүрэн боломжтой ажээ.
Түүнчлэн ноосонд урамшуулал олгодог шиг мах, сүүнд урамшуулал өгөх асуудал удаан яригдсан. Сүүний үйлдвэрүүдийн түүхий эдийг тасралтгүй хангах, малчдыг тогтмол орлоготой болгоход нэмэртэй энэхүү мөнгөн урамшууллыг олгох талаар одоогоор тодорхой шийдэл гараагүй тул үүнийг шийдвэрлэх хэрэгтэй байгааг малчид хүсч байсан юм.