Н.Алтанхуяг: Төсвийн тодотгол хийхгүй байж болно

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Төсвийн тодотгол хийхгүй байж болно

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр /2014.03.20/ боллоо. Уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуягаас гадна Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг оролцсон юм. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хийсэн ажлын талаар танилцуулсан юм. Хилийн боомтын тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан “Хилийн боомтын шинэчлэл" нэртэй уулзалт зохион байгуулсан байна. Мөн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлд хийх бүтээн байгуулалтын ажлаа танилцуулсан, цөмийн технологи ердийн хэрэглээ болж байгаа талаар семинар, Баян-Өлгий аймагт битүү зах ашиглалтад оруулсан, Өмнөговь аймагт тээврийн хэрэгслийн нэгдсэн цогцолбор төв ашиглалтад оруулсан зэрэг олон ажлыг хийжээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамтран ажиллахыг уриаллаа. Тэрбээр хэлэхдээ "Засгийн газраас бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчидтэй төрийн үйлчилгээг хялбар болгох үүднээс зургаан чиглэлээр ажиллаж байгаа. Хилийн боомтын чиглэлээр буюу экспорт, импортлогч аж ахуй нэгжид хилийн боомтын хүнд суртал, авлига, хээл хахуулыг багасгах зорилгоор Хилийн боомтын тухай хууль хэрэгжих гэж байгаатай холбогдуулан хил, гаалийн байгууллагуудын оролцоотой улсын зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ үеэр хил, гаалийн хүнд суртлыг арилгах, шат дамжлага ямар байдаг талаар жишээ дурьдсан боловч Гаалийн ерөнхий газрын удирдлагуудын зүгээс тухайн компанийг шалгаж, хэвлэлийхэн нь ямар байцаагч байсан бэ гэдгийг араас нь хөөгөөд эхэлсэн. Энэ нь буруу жишиг юм. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага хувийн хэвшилтэй хамтраад ажиллах нь чухал байна. Замын  цагдаа нар дүрэм зөрчсөн жолоочийн үнэмлэхийг тусгай машинд уншуулаад торгууль төлөх хугацаа олгож байгаа. Яг үүн шиг гааль, хилийн байцаагч нар мөнгөтэй харьцахгүй гэсэн зарчмыг баримталж  ажиллахаар болоод байгаа" гэсэн юм.

Үүний дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Дорнод аймгийн удирдлагууд 2013 орон нутгийн сангийн мөнгөний тал буюу 113 сая төгрөгөөр үнэтэй машин худалдаж авсан, энэ жил дахин дарга нарынхаа машиныг солихоор 435 сая орчим төгрөг төсөвтөө суулгасан байна. Энэ асуудалд Засгийн газар хяналт тавьдаг уу?

-Орон нутгийн хувьд энэ жилээс төсвөө өөрсдөө зарцуулж байгаа.  Орон нутгийн сангийн мөнгийг тухайн орон нутгийн хэрэгцээ, шаардлагад тулгарсан тухайн орон нутгийн иргэдээр хэлэлцүүлсний дараа зарцуулна гэсэн хуультай. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн иргэд нь ийм зүйл хийнэ гэдгийг нь дэмжиж, хэлэлцсэн тохиолдолд зарцуулах ёстой. Машин авч унасан бол энэ нь хууль зөрчсөн үйлдэл. Энэ нь батлагдвал хуулийн хариуцлага хүлээх ёстой.

-УИХ-ын дарга, Ерөнхий сайд орон нутагт очиж ажиллах үеэр 4-6 сая төгрөгийг нэг оройн хүлээн авалтад зарцуулсан байсан, Дорнод аймагт. Энэ мөнгө хаанаас гардаг мөнгө вэ?

-Энэ мөнгө нь аймгуудад төвлөрсөн арга хэмжээний зардал гэж байдаг. Үүнээс гарсан байх. Энэ мөнгийг анхаарч байгаагүй юм байна. Цаашид сонирхож үзмээр юм байна.

-Төсвийн тодотгол хийх гэсэн боловч мөнгө байхгүй гэсэн мэдээлэл яваад байна, энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Энэ бол буруу мэдээлэл. Мөнгө байхгүй учраас төсвийн тодотгол хийхгүй гэсэн ойлголт бол буруу. Царцаасан 243 объектын шалгалтын дүн дээр УИХ-аас гарсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Сангийн яаманд 130 орчим тэрбум төгрөг нь бэлэн байгаа. Гэхдээ төсвийн тодотгол хийхгүйгээр энэ асуудлыг шийдэх боломж байгаа юм. Жишээлбэл, шалгалтын явцад барилга нь дуусаад, ашиглалтад орсон байхад нэмж хэдэн тэрбум төгрөг төсөвт суулгуулах гэсэн долоон барилга, байгууламж байсан. Эдгээрийг зогсооход л өчнөөн мөнгө хасагдана. Энэ мэтчилэн заавал төсвийн тодотгол хийхгүйгээр царцаасан барилгуудаа үргэлжүүлэх байгууламжийнх нь мөнгийг өгөөд, түр зогсоох, дараа жил болгох гээд олон асуудлыг нь шийдвэрлэх боломжтой байгаа юм. Хэрэв 130 орчим тэрбум төгрөгтөө багтвал заавал төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэж үзэж байгаа. Шалгалтын дүнг эцэслээгүй байна.

-Өнгөрсөн долоо хоногт "Роснефть"-ийн удирдлага ирээд явсан. Энэ уулзалтаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?

-"Роснефть"-ийн зүгээс Монголд урт хугацаанд, тогтвортой шатахуун нийлүүлэх санал гаргасан. Харин бид үүнийг нь дэмжинэ гэдгээ хэлсэн. Түүнээс үнэ, татвар нэмэх талаар ямар нэг ч асуудал яригдаагүй.

-Засгийн газрын нэг сайд нь Украины асуудлаар байр сууриа илэрхийлсэн байсан. Засгийн газар ер нь ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газар ч юм уу, Монгол Улсын байр суурийг илэрхийлээгүй. Хэн байр суурь илэрхийлэх вэ гэдэг нь бас өөрөө тодорхой хүн, институтаар дамжигдаж илэрхийлэгдэх байх. Нэг сайдын хэлсэн үг бол Монгол Улсын байр суурь биш шүү дээ. Түүнийг тухайн хүний өөрийнх нь бодол санал гэж л ойлгох учиртай. Ер нь ямар асуудлаар хэзээ байр сууриа илэрхийлэх нь өөр асуудал. Шаардлагатай бол байр сууриа илэрхийлнэ, харин шаардлагагүй бол юм ярих хэрэг байхгүй.


Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж