Монголдоо ганцхан байдаг ГССҮТ-д өрнөж үйл явдлын талаар тус эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Бүргэдтэй уулзаж ярилцлаа.
-Өнөөдөр ГССҮТ-ийн захирлаар ажиллах А.Мөнхтайваныг ажилд албан ёсоор оруулах ёстой байсан. Гэтэл Ц.Энхбаяр ирсэнгүй гэдэг шалтгаанаар хойшлуулчихлаа. Хэзээ ГССҮТ-ийн захирлыг ажилд нь оруулахаар болов?
-Эрүүл мэнд сайд Н.Удвалын тушаалаар ГССҮТ-ийн захирлаар А.Мөнхтайван сонгогдсон. Тиймээс өнөөдөр шинэ захиралд ажлыг хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэтэл захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Энхбаяр ажилдаа ирсэнгүй. Өрөөнийхөө хаалгыг түгжээд, утсаа салгаад алга болчихлоо. Манай төвийн удирдлагууд ч шинэ захирал ирэх сургаар алга болчихлоо. Эмч нар ажлын хажуугаар захирлаа хүлээн авах гээд Эрүүл мэндийн яамныхантай хоёр цагийн турш хүлээлээ. Гэсэн Ц.Энхбаяр ирсэнгүй. Нэг ёсондоо захирлыг ажилд оруулах сургаар зугтчихлаа. Төрийн ажил үүрэг гүйцэтгэж буйгаа энэ хүн ойлгохгүй байгаа бололтой. Хэрвээ ойлгодог байсан ажлаа хүлээлгэн өгөх ёстой.
-Ц.Энхбаяр энэ долоо хоногт ажилдаа ирсэн юм уу?
-Ирэлгүй яахав. Өчигдөр, уржигдархан л тушаал шийдвэр гаргаад явж байсан. Гэтэл яг ажил хүлээлцэх болохоор алга болчих юм. Ц.Энхбаярын орлогч, дэд захирал гээд олон хүн бий. Харамсалтай нь, өнөөдөр бүгд алга болчихлоо. Хэрвээ тэд нараас нь нэг ч гэсэн байсан ажлын хэсэг учир шалтгаанаа хэлээд ажлаа хүлээлцэх ёстой байх. Төрийн хууль, төрийн албан хаагчийн ёс зүй гэж байна. Ийм буруу хийх ёсгүй. Хууль, дүрмээ уландаа гишгэж, дураараа аашиллаа гэж ойлгож байна.
-Эрүүл мэндийн яамныхан тэгээд хэзээ шинэ захирлыг ажилд нь оруулна гэж байна?
-Яг хэзээ ажилд нь оруулна гэсэн зүйл бол сая яригдсангүй. Гэхдээ Ц.Энхбаярыг ирэхээр даруйхан шийдвэрлэх гэж бодож байна. Ирэх долоо хоногийн даваа гариг гэхэд шийдэгдэх ёстой. Хэдийгээр нэг хүний суудлаа тавьж өгөхгүй, зугтаж байгаа асуудал ч үүний цаана өвчтөн, жирийн ард иргэд ихээр хохирно гэдгийг ойлгох ёстой.
-Ц.Энхбаярыг ГССҮТ-ийн захирлаар сонгогдоход ажилчид эсэргүүцэж байсан. Одоо А.Мөнхтайван захирлаар ажиллахад эсэргүүцэх зүйл гарахгүй байгаа?
-Ц.Энхбаярыг бус түүний боловсролгүй, эрүүл мэндийн чухал салбарын нэг ГССҮТ-ийг мэдэхгүй, ажлын туршлага байхгүй гэдэг утгаараа л эмч, ажилчид эсэргүүцэж байсан юм. Манай төвийн эрдэмтэн, эмч нарын олон жилийн ажлын туршлага зэргийг захирал болсныхоо дараа үл хүндэтгэсэн. Халаа, сэлгээ маш их хийсэн. Манай төвийн гавьяатууд, академич гээд чадалтай эмч нар ажлын ёс зүй, хариуцлага алдаагүй байтал үзэл бодлоор илэрхийлснийхээ төлөө ажлаасаа халагдсан. Яг одоо бол ГССҮТ мэргэжлийн боловсон хүчний хувьд дутагдалтай болчихлоо. Өндөр боловсролтой, ажлын туршлагатай эмч, мэргэжилтний хувьд хомсдолтой байна шүү дээ. Халагдсан хүмүүсийн хувьд хохиролтой байж болох ч энэ мэт нь Монголын эрүүл мэндийн салбар тохиож буй “гамшиг” гэж ойлгож байна. А.Мөнхтайван бол ажлын туршлагатай, өндөр боловсролтой. Өмнө нь, 1989 онд Анагаах ухааны их сургууль, хүний их эмч, 1994 он Анагаах ухааны магистр, 2000 он Нидерландын Мастрихтын их сургууль, Бизнесийн удирдлагын мастер, 2006 он ОХУ, Анагаах ухааны академи, Анагаах ухааны доктор цолыг хамгаалсан. Дорноговь аймгийн Айраг сумын эмнэлэгт эмч, Анагаах ухааны их сургуульд багш, АНУ-ын Вашингтоны их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Хавдар судлалын төвийн захирал, Эрүүл мэндийн төслийн захирал гээд ажлын өндөр боловсролтой, маш их туршлагатай хүн.
-Ц.Энхбаярын үед олон мэргэжилтэн халагдсан, солигдсон гэлээ. Тэгэхээр шинэ захирал ирснээр халагдсан эмч, ажилчид ажилдаа буцаж орох болов уу?
-Халаа сэлгээ маш их хийсэн. Чадалтай боловсон хүчнийг сорчлон халсан. Гэхдээ эмч ажилчид буцаж орох эсэхийг бол сайн мэдэхгүй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Ийнхүү шинэ захирал А.Мөнхтайван ажлаа хугацаандаа хүлээж авч чадсангүй. ГССҮТ-ийн захирлын төлөө тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Энхбаяр болон Стратеги, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Батмагнай, Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ хариуцсан захирлаар ажиллаж байсан Р.Энхсайхан, Түлэнхийн төвийн захирал асан Хишигсүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван сонгон шалгаруулалтад орсон. Ингээд сонгон шалгаруулалтын шалгуурыг Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхсайхан хангаж, ГССҮТ-ийн захирлаар ажиллахаар болсон юм.