-Аймгийн хэмжээнд энэ жилийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Уг ажил хэдийгээс эхлэх вэ?
-Өнгөрсөн онд иргэдийн хурлын төлөөлөгчид 2014 оныг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх жил болгон зарлаж хийх ажлын төлөвлөгөөнүүдээ баталсан. Хамгийн түрүүнд албан бусаар хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ бүртгэлжүүлж, албажуулахаас ажил эхэллээ. Хөдөө суманд ажилгүй иргэд их байгаа нь мал маллаж байгаад төв суурин газар орж ирсэн мэргэжилгүй хүн олширсных. Иймд эдгээр иргэдийг туслах малчнаар ажиллуулах замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд хөтөлбөр чиглэгдсэн. Мөн архинаас хамааралтай иргэдийг ажилд зуулчлах тухайд анхаарч байна. Манай аймгийн хувьд дээд боловсролтой хэрнээ ажилгүй байгаа иргэн 500 гаруй байна. Мөн ажил идэвхтэй хайж байгаа хүмүүсээ дахин мэргэшүүлж өөр олдоцтой ажлын байранд зуучлах хөтөлбөр хэрэгжинэ. Цаашлаад иргэдийн сэтгэлгээ хандлагыг хөдөлмөр эрхлэлт рүү чиглүүлэх үе шаттай сургалтуудыг зохион байгуулна.
-Хамгийн их эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн талаар та мэдээлэл өгнө үү?
-Хамгийн эрэлттэй нь барилгын салбарын ажлын байрны захиалга, тогооч мэтийн үйлчилгээний салбарын ажлын захиалга удаалж байна. Гэвч тэдгээр салбарт ажиллагсаддаа цалин хөлсийг нь хангалттай өгдөггүйгээс ажилчид нь тогтвор суурьшилтай байж чаддаггүй.
-Барилгын салбарт ч цалин хөлсний асуудал ярвигтай байдаг гэдэг дээ?
-Харин харьцангүй барилга, уул уурхайн салбарт цалин гайгүй байдаг юм шүү. Тиймээс хүмүүс ч ажиллах сонирхолтой байгаа. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө хүсснээр ажилладаг, өдрөөр цалинждаг, хийснээрээ цалингаа аваад байх боломжтой нь давуу тал. Харин нийтийн хоолны салбарт жижиг цайны газрууд, дэлгүүрүүдэд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ч доогуур байх жишээтэй. Дээрх зөрчлүүдийг арилгуулахын тулд нэлээд ажлуудыг зохион байгуулж байна.
-Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр энэ жил хэрхэн үргэлжилж байна вэ?
-Өнгөрсөн жил бид 24-өөс дээш насны хүн гэж бүртгэж авч байсан бол энэ жил насны хязгааргүйгээр бүртгээд нийт 400-гаад ажлын байрны захиалга аваад эхний ээлжинд 300-гаад хүнийг зургаан мэргэжлээр сургаад эхэлчихсэн. Энд нэг гол юм бол залуучууд ажилд тааруу, хөдөлмөрийн сахилга бат төлөвшил муутай байгаа учраас тэднийг өргөн хамарч сэтгэлгээнд нь өөрчлөлт оруулахыг сургалтын явцад анхаарч байна.
-Сумдад бас сургалт явагдах уу?
-Ерөнхийдөө захиалгаа сумдаас аваад аймгийн төвдөө төвлөрч сургалтад хүмүүсийг хамруулж байгаа. Энэ оны сургалтууд онцлогтой. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн танхимын сургалт 20-30 хувь нь, 60-70 хувь нь үйлдвэрлэл дээр дадлагажуулахаар төлөвлөсөн. Тэгэхээр сумдаас өөрийн байгуулага, компани дээр дадлагыг хийх боломжтой.
-Та малчдыг мэргэжилтэй болгоно гэж ярьсан. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?
-Тийм ээ. Хөдөөд залуу малчид ховорджээ. Энэ нь нэгдүгээрт залуучууд төв суурин газраа бараадсан, сургуулийн хүүхдээ харна гээд төв рүүгээ олноор ирж байна. Нөгөө талаар зуднаар малаа алдсан иргэд төв сууриндаа орж ирээд ажилгүйчүүдийн тоог нэмдэг. Бид Арвайхээр хотод суурьшаад байгаа малчдыг цуглуулж уулзаад орон нутаг руу нь буцаах ажлыг зохион байгуулна. Ингэснээр туслах малчныг бэлтгэх хөтөлбөр тусдаа хэрэгжинэ. Эхний ээлжинд 300 залуу малчдыг бизнес инкубаторт хамруулаад мянгат малчидтайгаа уулзуулж байна. Гол нь залуучууд өөр ажил хийнэ гэхээр тэнцдэгүй учраас мал маллаж байсан арга туршлагад нь тулгуурлаад хөдөө орон нутагт нь ажиллуулна гэдэг их ач холбогдолтой юм.
-Эрэлт хэрэгцээтэй ажлын байр байгаа. Гэтэл залуучууд ажил голох нь их байдаг бололтой юмаа даа?
-Хүн болгонд таарах ажил олно гэхээр хэцүү. Дээд боловсролтой ажил хайж байгаа хүмүүс голдуу ширээний ард суух ажил хайгаад байдаг. Мэргэжилгүй хүмүүс ч бас биед амар аятайхан ажил хийчих юмсан гэж бодно. Ажил хайгчийн санаа гүйцэгдэхгүй юм. Жижиг, дунд үйлдвэрлэл тэр дотор боловсруулах үйлдвэр хөгжих хандлагатай байгаа. Тэгэхээр фермер, сүү, сүү боловсруулах үйлдвэрүүдэд ажлын байр байхад манайхан ажилладаггүй. Иймээс хүмүүст мэргэжил олгох шаардлагатай байна л даа.
-Үйлдвэр эрхлэгчдээ дэмжихэд ямар хэмжээний хөрөнгө зарцуулах вэ?
-Ер нь Засгийн газраас хөдөлмөр эрхлээгүй иргэддээ хөтөлбөрөө чиглүүлж хөрөнгө гаргах бодолтой байгаа. Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд 40-өөс дээш настай ажил хайж байгаа иргэдээ бүлгийн зохион байгуулалтад оруулаад тэдэнд бизнэс инкубаторын үйлчилгээ болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, бүлэг нөхөрлөлтэй болгох зэрэг нийтлэг ажилд хамруулахаар төлөвлөсөн байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөнгөлттөй зээл хэрхэн хувиаарилагдаж ирэх нь одоогоор мэдэгдэхгүй байна. Удахгүй ирнэ байх гэж найдаж байна. Өнгөрсөн жил 500 орчим сая төгрөгний санхүүжилттэйгээр 10 аж ахуй нэгжийг дэмжиж 30 орчим ажлын байр бий болгосон. Бүс нутгийн шинж чанартай бусад төслийг энэ жилээс уг санд шийдүүлэхээр болоод байна.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин