Фишерыг булшнаас нь өндийлгөнө

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Фишерыг булшнаас нь өндийлгөнө

ФОТО: WIKIPEDIA

Америкийн нэрт шатарчин Фишерын булшийг задлан нээхээр болж байна. Филиппин охин түүний хүүхэд мөн эсэхийг тогтоохын тулд экс дэлхийн аваргын цогцосноос ДНК-ийн шинжилгээний дээж авах шийдвэрийг Исландын шүүх гаргажээ. Бобби Фишер, 2008 оны нэгдүгээр сарын 17-нд нас бараад Исландад оршуулагдсан юм. Талийгаачийн ясыг өв хөрөнгийн төлөөх өрсөлдөөн өндөлзүүлж эхэлжээ. Фишерын хөрөнгөөс хоёр сая ам.долларыг есөн настай филиппин охин  Жинги Янг авч магадгүй. Түүний эх Мэрилин Янг баримт болгон охин бичсэн Фишерын ил захидлуудыг үзүүлжээ. Тэнд “аав нь” гэж агуу шатарчин бичсэн байлаа.  Эхлээд шүүх филиппинчүүдийн нэхэмжлэлийг авч хэлэлцээгүй юм. Дараа нь Янг 2006-2007 онуудад Фишер түүнд мөнгө явуулж байсан баримтыг гарган өгсөн байна. Эцэст нь Исландын Дээд шүүх Фишерын шарилыг  нээж цогцосноос нь ДНК-ийн шинжилгээ авч охины гентай харьцуулах шийдвэр гаргасан байна.

Исландын хуулиар хүүхэд эцгийнхээ хөрөнгийн гуравны хоёрыг өвлөн авч болно. Гэтэл Фишерын хоёр сая ам.долларыг түүний бэлбэсэн эхнэр Мийоко Ватай, хоёр америк ач нар нь авахаар сөргөлдөж байгаа юм. Мөн АНУ-ын Засгийн газар ч талийгаач татварын өртөй гэсэн нэхэмжлэл гаргажээ.

Фишер Чикаго хотод төрсөн бөгөөд 29 насандаа Зөвлөлтийн гроссмейстер Борис Спасскийг хожин дэлхийн аварга болсон юм. Тэмцээний дүрэм горимыг тогтмол зөрчиж, олон улсын тэмцээнд оролцохгүй болсноос нь  үүдэн тэрээр цолоо хураалгасан байлаа. Хуучин Югославын эсрэг таьсан хоригийг зөрчин Спасскийн эсрэг даага нэхэх 3,5 сая ам.долларын шагналтай тоглолт хийсэн гэж АНУ-ын эрх баригчид Фишерыг буруутгасан билээ. Тэр эх орондоо байсан бол 10 жил хүртэл хоригдох ял ба 250 мянган ам.долларын торгууль хүлээх ёстой болсон учир Японд амьдарч байв. АНУ-ын хугацаа нь дууссан паспортоор гадагш гарах гэсэн хэмээн түүнийг Токиогийн нисэх буудалд 2004 онд барин саатуулсан байлаа. Эрх чөлөөтөй болохын тулд тэрээр АНУ-ын иргэнээс татгалзан Исландын иргэн болсон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж