УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, ОХУ-тай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч Д.Эрдэнэбат Москва хотод ажиллаж байна. Тэрээр өчигдөр Монгол Улстай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч, ОХУ-ын Төрийн өмчит “Ростех” компанийн ерөнхийлөгч С.В.Чемезовтэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцож, Ажил хэргийн зөвлөлийн хамтарсан уулзалтыг Улаанбаатар хотноо ирэх тавдугаар сарын сүүлчээр зохион байгуулахаар тохиролцов. Тус уулзалтад Монголын талаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл, тус зөвлөлийн дэд ерөнхийлөгч Ц.Анандбазар, Оросын талаас тус зөвлөлийн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд Ерөнхийлөгч В.П.Страшко, “Ростех” компанийн Ерөнхийлөгчийн зөвлөх В.И.Халанов нар тус тус байлцлаа.
Г.ДАРЬ