
-2004 онд анх агентлагийг байгуулсан. Хуучин дэд бүтцийн холбооны салбар гэдэг ойлголтоор явж ирсэн салбарыг мэдээллийн технологитой нийлүүлээд, өөрөөр хэлбэл дэлхийн хөгжлийн чиг хандлагыг энэ салбарт багтаан нэг агентлагт нэгтгээд, тэр нь Ерөнхий сайдын харьяанд орж ирснээр хөгжлийн ахиц дэвшил харагдах болсон. Нөгөө талаар энэ байгууллагыг удирдаж байсан хүний мэдлэг чадвар, менежмэнт маш сайн байсан нь энэ салбарын хөгжлийн тухай ярих нэг хөшүүрэг болсон. Мэдээж тэр үеийг өнөөдөртэй жишихэд тэнгэр газар шиг гэж хэлэхээр хөгжлийн цоо шинэ үе ирж байна. Тэр үед үүрэн телефоны, дээр нь интернэтийн хэрэглээ, вэб монгол байгууллага, түүн дээр ажилладаг программ хангамжууд эхлэл төдий байсан. Үүрэн телефоны зах зээл дээр хоёрхон л оператор байлаа шүү дээ. GSM оператортой мобиком корпораци монополь байсан бол CDMA oператортой скайтел компани шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр эхэлж байсан үе. Энэ хоёр оператор нь технологийн ялгаатай байсан учраас яг өрсөлдөгчид гэж хэлэхээргүй байсан л даа. Нэг их удалгүй “Юнител” корпораци GSM технологийг дахин зах зээлд оруулж ирснээр жинхэнэ өрсөлдөөн бодит утгаараа хэрэгжиж үүрэн телефоны минутын ярианы үнэ хямдарсан. Гэвч хамрах хүрээгээ тэлэх ажил учир дутагдалтай байсан. Аймгийн төвөөс бусад сумдын иргэдийн хувьд гар утсаар ярина гэдэг мөрөөдөл. Энэ хэрэглээнд түшиглэн судалгаа хийж, малчны хэтэвчнээс гарах мөнгөнд захирагдсан шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх шаардлага гарсан. Үүний тулд манайтай ижил нөхцөлтэй улсуудад хэрэглэдэг технологийг нэлээн судалсны дүнд СDMA 450 технологийг туршиж үзээд үндсэндээ манай нөхцөлд тохиромжтой, түүнчлэн хамгийн хямд үнээр үйлчилгээ үзүүлэх компаниудын дунд тендэр зохион байгуулсан. Эндээс “Жи Мобайл” компани үүссэн нь Монголын хувьд бүх сумдынхаа түвшинд хүрсэн анхны дэд бүтцийн сүлжээ болж чадсан.
Дараагийн бас нэг чухал ажил бол шилэн кабелийн сүлжээ байна. Бүх л төрлийн холбооны хэрэгсэлд дамжуулах сүлжээ гэдэг хамгийн чухал. Замаар бол хурдны зам гэж ойлгож болно. Нэг суманд нэг л оператор сансраар холбогдож очдог байсан бол шилэн кабелийг тавьснаар манайд ажиллаж байгаа дөрөв, суурин холбооны хоёр оператор тэдгээр сумд руу орох бүрэн боломжтой болж байгаа юм. Суманд хоёроос дээш оператор орсноор өрсөлдөөн бий болно. Түүнчлэн аюулгүй байдлын үүднээс нэг операторын сүлжээ унахад нөгөөх нь нөхөж байх гэх мэт олон давуу талыг эндээс харж болно. Энэ ажлыг бид 2004 оноос маш эрчимтэй хийж эхэлсэн. Төсвийн болон зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар эхний ээлжинд 21 аймгийг бүрэн хамарсан бол яг өнөөдрийн байдлаар 129 сумыг шилэн кабельтай холбож байгаа. Энэ жилээс Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 148 сумыг шинээр холбох ажил энэ зун эхэлнэ.Тэгвэл цаана нь газар зүйн хувьд алс зайдуу 50 орчим сум үлдэнэ. Эдгээр сумдад бид үүрэн холбооны системүүдийг оруулчихсан байгаа.
Шилэн кабелийн дараагийн нэг цогц үйлчилгээ бол интернэтийн үйчилгээ. Интернэтийн үйлчилгээг суманд хүрснээр үндсэндээ бүх дэлхий, аймгийн захад суугаа малчдад ч ижил боломж бүрдэх юм. Улмаар төрийн болон банкны үйлчилгээ, зайны сургалт, оношлогоо гэх мэт сүүлийн үеийн технологиуд дээр суурилсан үйлчилгээнүүд сумдад хүрэх боломжтой. Улаанбаатар хот, суманд суугаа иргэн хоёр жишээ нь мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ, түүнд суурилсан үйлчилгээний хувьд ямар ч ялгаваргүй болох боломжийг бий болгох юм. Үүнийг манай мэдээллийн технологи тоон хуваагдал гэж хэлдэг. Энэ тоон хуваагдлыг арилгасан цагт мянганы зорилтууд биелэх үндсэн суурь нөхцөл нь болно гэж үздэг. Өөрөөр хэлбэл НҮБ-аас ч гэсэн энэ дээр тусгайлсан олон бодлогуудыг гаргасан байдаг. Тоон ялгаа гэдэг бол тухайн хүний амьдарч байгаа газраас шалтгаалж бүх л төрлийн үйлчилгээг авах нөхцөл боломж зөрүүтэй байгааг хэлж байгаа юм. Тэгэхээр энэ зөрүүг арилгадаг гол хэрэгсэл бол мэдээллийн технологи, энэ харилцаа холбооны сүлжээ байгаа юм.
-Тэр үед “Өрх бүрт интернэт” хөтөлбөр сайн муу олон үгийг дагуулж байсан ч өнөөдөр бид бүгдээрээ үр шимийг нь хүртэж байгаа нь сайн хэрэг шүү?
-Энэ хөтөлбөр анх диалюф холболтоор эхэлж байлаа. Улмаар бид техникийн бэлтгэлүүдийг хийгээд DSL-ийн төрлийн 3 d ангиллын үйлчилгээнүүдийг өрх бүрт оруулах ажлуудыг эхлүүлсэн. Энэ ажил маш их эрчимтэй явсан. Үүний үр дүнд интернэт хэрэглэгчдийн тоо огцом өссөн үзүүлэлтийг хэвлэлийн хүрээлэнгийн судалгаанууд харуулдаг. Өнөөдөр Улаанбаатар хотын 60 орчим хувь нь интернэт хэрэглэдэг болсон байгаа. Тэр үед хэрэглэгчийн төхөөрөмж болох компьютер долоо, найман зуун долларын үнэтэй байв. Тухайн өрхийн үнэтэй хэрэглээнд яах аргагүй компьютер орж байсныг өдөр тутмын хэрэглээ болгохын тулд үнийг нь хямдруулах бодлогыг авч хэрэгжүүлсэн. Энэ ажил маань ч тун үр дүнтэй болж тухайн үед 400ам доллароор ирдэг байсан компьютер 200ам долларын болтлоо буурсан. Үүнд мэдээж Засгийн газрын дэмжлэг их байсан л даа. Засгийн газартай ярьсны хүчинд УИХ-аар компьютерийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглүүлж чадсан. Тухайн үед хэвлэлүүдээр Ч.Сайханбилэг даргыг Засгийн газрын мөнгөөр контейнэр, контейнэрээр нь компьютер худалдан авчирч, дундаас нь мөнгө хийгээд байгаа юм шиг л ярьдаг байлаа. Үүгээр зогсохгүй 250 долларын компьютер хурд удаан, чанар муу гэсэн яриа ч гарч байсан. Гэхдээ тэр хөтөлбөр хэрэгжиж эхлэхийн өмнө тэр удаан, муу гэж голоод байсан компьютерийг хэрэглэгч 800 доллараар л худалдаж авдаг байсан хэрэг шүү дээ. Дараагийн нэг ололт Монгол хүмүүс нэгдэж чадвал юуг ч бүтээж болдогийг харуулсан. 2004 онд интернэтийн Монголын гадаадын нийт урсгал 45-хан мегавайт байсан бол одоо Монгол улсын интернэтийн хэрэглээ 5 орчим гегавит болчихсон явна. Тэр үед бас бүх нийтийн IT-гийн боловсролыг сайжруулах шаардлагатай байсан учраас олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан ажиллаж байсан. Үүний нэг нь “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр.
Европын сэргэн босголтын банк судалгаа хийсэн байна лээ. Коммунист системд байгаад шилжсэн орнууд буюу хуучин зөвлөлтийн системийн орнуудад мэдээлэл харилцаа холбооны технологи хэрхэн хөгжиж байгаа талаар судалгаа хийж үзэхэд нэгдүгээрт Казакстан, хоёрт Монгол орсон байсан. Үндсэндээ 26-27 орноос Монгол хоёрт орсон гэсэн үг л дээ. Тэгэхээр бид гайгүй явж байна гэж ойлгож байгаа. Харин Азийн рейтингийн хувьд цахим Монгол хөтөлбөрийн маань гол зорилт нь Азидаа 2012 он гэхэд эхний аравт орох. Одоо бид 13,14 хавьцаа л явна. Бид мэдээллийн технологийн чиглэлээр олон улсын байгууллагуудад гаргаж өгдөг мэдээллүүдээ системчлэх ажлуудыг хийж байна. Анхны салбарын “цагаан ном”-ыг гаргахаар бэлтгэж байна. Үүгээр бид тооцоо судалгаатай статистик мэдээллүүдийг гаргах юм. 2005 онд батлагдсан “цахим Монгол” хөтөлбөр маань сүүлийн хэдэн жил хийсэн ажлуудын гол нь. Энэ хөтөлбөр үндсэндээ 60-70 хувийн хэрэгжилттэй явна. Одоо ондоо багтаад Засгийн газарт хандаж дахин орчин үеийн технологи, өнөөдрийн хүрсэн түвшинтэйгээ уялдуулан шинэ чиг хандлагыг тусгаад дахин шинэ хөтөлбөр оруулж батлуулах зорилготой ажиллаж байна.
-Танай агентлагт хэчнээн хүн ажилладаг вэ? Мэргэшсэн боловсон хүчин хангалттай байж чаддаг уу?
-Анх байгуулагдахдаа 23 хүнтэй байлаа. Одоо 33 болсон л доо. Ер нь Монголд хангалттай боловсон хүчин байгаа гэдэг ч юм уу эсвэл мэргэшсэн боловсон хүчний асуудал байхгүй болчихлоо гэж хэлж байгаа нэг ч дарга, менежерийн үгийг би лав ойрын хэдэн жил сонсоогүй. Үүнтэй адил манайд ч нарийн мэргэжлийн боловсон хүчин үргэлж дутагдалтай байдаг. Энэ чиглэлээр бэлтгэж байгаа сургуулиудын чанар өнөөдөр олон улсын түвшинд хүрэхгүй байна. IT-гийн салбарт ажиллана гэдэг амаргүй л дээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай юу, үгүй юу гэдэг асуудлыг л ярьдаг. Гэтэл энд ажиллаж байгаа сертификатгүй хүмүүс нь үндсэндээ гадарладаг, хичээж зүтгэж байгаа хүмүүс л байна. Ингээд үзэхээр жишээ нь манай агентлагт гэхэд IT-гийн чиглэлийн сертификаттай, хүлээн зөвшөөрөгдсөн хүн одоогоор байхгүй. Үнэндээ сертификатын шалгалт өгье гээд жишээ нь япончуудын хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг авах хэд хэдэн удаагийн шалгалтыг авахад тэнцэх хүмүүс маш цөөхөн гарсан. Энэ бол үнэхээр бидний хамгийн эмзэг, үргэлж анхаарч “акцент” өгөх асуудал болоод байгаа. Бид ажиллуулах хүмүүсээ аль болох дэлхийн жишиг рүү ойртуулахын тулд сертификаттай хүн ажилд авах зар тарааж үзэхэд нэг ч хүн ирэхгүй жишээтэй байна л даа. Мэдээж гадаадад сайн сайн мэргэжилтнүүд ажиллаж байгаа ч манайд энэ чиглэлийн боловсон хүчинд төлж байгаа цалингийн хэмжээ бага байгаатай нөгөө талаас холбож үзмээр санагддаг.
-Өнгөрсөн хугацаанд чамлахааргүй амжилттай ажилласан юм байна. Харин одоо ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа ажлаа танилцуулбал ямар вэ?
-Бид бол Засгийн газрын байгууллага. Их хурлаас баталсан бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Өөрөөр хэлбэл Засгийн газрын агентлаг учраас бидний хийх ажлын хүрээ түүгээр тодорхойлогдож явдаг. Гэхдээ мэдээж үндсэн бодлогоо бид гаргадаг. Бид хэрэглэгч улс гэдэг утгаараа өөрсдийн хэрэглээгээ зах зээлийн эрэлттэй уялдуулан ажилладаг. Шинэ технологийг хүлээж авах, зах зээлд нэвтрүүлэх гэдэг утгаараа харьцангуй давуу талтай. Учир нь дандаа шинээр эхэлж байгаа учраас хэрэглээнд нэвтрүүлэхэд хурдан, дээр нь манай иргэдийн мэдээллийн технологийн хэрэглээний мэдрэмж маш бодитой учраас ажиллахад урамтай л даа. Өнөөдөр үүрэн телефоны 3G хурд бүхий технологи хэрэглэгчдийн хүртээл болчихлоо. Одоо 4G болгож нэмэгдүүлэх тухай ярьж байна. Үүнээс гадна broadcasting системд байсан телевизүүд интрактив болж байна. Өөрөөр хэлбэл IPTV гарчихлаа. Хэрэглэгч юу үзэхээ сонгож үздэг хэлбэр рүү шилжиж байна. Тэгэхээр IPTV-ийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Мөн бүх телевизийн тоног төхөөрөмжүүдийг тоон технологи рүү шилжүүлэх том ажил биднийг хүлээж байна. Дэлхийн бүх улс оронд үндсэндээ 2015 он гэхэд бүх аналоги телевизүүдийг зогсооно. Өнөөдөр том том үйлдвэрлэгч нар тоон телевизийг хийгээд эхэлчихсэн байна. Тэгэхээр одоо шинээр гарч байгаа телевизүүд нь тоон технологийн TV гэж ойлгож болно. Тийм учраас манай үзэгчид харьцангуй тайван энэ шилжилт рүү шилжиж орно.
Энэ мэт хийхээр төлөвлөсөн ажлууд их байна. Өнөөдөр цахим засгийн газрыг бодитой утгаар нь бий болгох боломжууд бүрдэж байна. Яагаад гэвэл хот, хөдөө гэлтгүй газар зүйн байрлалаас үл шалтгаалан Засгийн газар иргэдэд төрийн үйлчилгээгээ нэгэн зэрэг үзүүлэх боломж бүрдэж эхэлж байгаа хэрэг. Энэ цахим Засгийн газрыг хэрэгжүүлэх үндсийн үндсэн суурь нь ухаалаг үнэмлэх бүхий бүртгэлийн нэгдсэн тогтолцоо юм. Үүнийг хэрэглээнд нэвтрүүлснээр Монгол улс хөгжлийнхөө дараагийн шатанд орох үндэс хангагдана. Өнөөдөр хамгийн энгийн жишээ гэхэд Б гэж иргэн хэчнээн төгрөгийн орлоготой байна вэ. Эсвэл өнөөдөр “Оюу толгой”-гоос олж байгаа орлого тухайн иргэндээ хүрч байна уу гэдгийг хянах боломж өнөөдрийн түвшинд байхгүй байна. Өнөөдөр бүх юм бүдүүн тойм байдлаар, зөвхөн улс төрийн шийдлээр явж байна. Тэрнээс биш эдийн засгийн загварчлал ч юмуу эсвэл бүрэн мэдээлэл дээр суурилсан шийдвэрүүд гарч чадахгүй байна. Тийм учраас манай улс бүртгэлээ боловсронгуй болгож, бүх хөрөнгө нь хүлээн зөвшөөрөгдөхүйц болсны дараа эдийн засгийг жинхэнэ эдийн засгийн арга механизмуудаар нь удирдах боломж нээгдэх юм. Дээрээс нь энд үндэсний аюулгүй байдлын асуудал ч яригдана. Өнөөдөр гадны хэн гээч иргэн, манай залуустай гэр бүл болов. Цаашлаад тэдний үр хүүхэд гэж хаана явна гэх мэтийг хянаж чадахгүй л байгаа. Тийм учраас энэ бүхэн эцсийн дүндээ үндэсний аюулгүй байдалтай холбогдож, улмаар монгол хүн монголоороо байх бүх боломжийг хангах юм. Үндсэндээ төрийн ой санамжийг бий болгоно л гэж хэлэх гээд байна л даа. Төрийн ой санамж гэж төрийн бүртгэлийг л хэлээд байгаа юм. Тийм учраас энэ бүртгэлээ хийгээгүй цагт бид зөв хөгжих тухай асуудлыг яриад хэрэггүй. Үүнийг бид одоо л хийх хэрэгтэй. Тэгвэл ядаж сонгуулиа будлиангүй явуулдаг болно.
-Энд би үүрэн телефоны операторуудын талаар асуумаар байна. Сайныг дагаад саар ярианууд ч тасардаггүй л дээ. Энэ нь нөгөө гадны хөрөнгө оруулалттай компани гэдгээс үүдэлтэй юм шиг санагддаг. Ер нь манайд үүрэн холбооны үндэсний оператор бий юу?
-Манай дөрвөн оператор дөрвүүлээ л үндэсний оператор. Энд үндэсний гэдэг юмаа их сайн тодорхойлох ёстой. Монголд ганцхан үндэсний холбоо байгаа нь Өгэдэй хааны үеийн морин өртөө. Үнэндээ үүнээс өөр нэг ч үндэсний гэх юм байхгүй шүү дээ. Тийм учраас энэ талаар манай салбарынхантай яриад хэрэггүй. Яагаад гэвэл өнөөдөр манай салбарт хийсэн нэг ч үндэсний гар утас, зохиосон холбооны төхөөрөмж, үндэсний телевиз олоод ир гэвэл байхгүй. Магадгүй “Монел”-ийг барьж ирэх байх л даа. Гэхдээ энд нэг ч үндэсний гэж хэлж болох зүйл ороогүй л байхгүй юу. Мэдээж үргэлж л элдэв янзын хардлагууд явж байдаг. Монгол улсын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа л бол манай хууль тогтоомжийг дагаж мөрдөх нь тухайн компанийн үүрэг. Нөгөөтэйгүүр Монгол улс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг дэмжих хууль эрх зүйн бүхий л тогтолцоо нь нээлттэй байхад хөрөнгө оруулагчдыг ямар нэг байдлаар ад шоо үзэх нь Монгол хүний өчүүхэн зан л гэж хэлэхээс өөр юмгүй. Бид гадны хөрөнгө оруулалтыг зөвшөөрснөөр манайд хөрөнгө оруулалт орж ирж байна уу? Ирж байна. Шинэ, шинэ технологиудыг жил болгон нэвтрүүлж байна. Хамрах хүрээ нь өргөсч байна гээд ярих зүйл энд олон байгааг хүн бүр л харж байгаа шүү дээ.
-Дахиад үүрэн телефоны оператор нэмэгдэнэ гэж ярих юм. Энэ хэр боломжтой вэ?
-Манай зах зээл жижигхэн ш дээ. Хүн амын ихэнх хэсгийг хүүхэд, орлого багатай хэсэг эзэлдэг. Энэ жижигхэн зах зээл дээр ямар зорилгоор шинэ оператор оруулах вэ гэдэг бол бодлогын асуудал. Одоогоос хэдэн жилийн өмнө үйлчилгээний хамрах хүрээ бага байсан учраас бодлогоор хоёр оператор оруулсан. Яг одоо бол тийм хэмжээний хэрэгцээ шаардлага манай зах зээлд харагдахгүй байгаа учраас шинэ оператор оруулж ирэх нь бодлогын хувьд учир дутагдалтай.
-УИХ дээр чагнах төхөөрөмж оруулж ирэх тухай хоёр ч удаа яригдаад унаж байсан санагдана. Энэ талаар та юу гэж бодож байна. Бидэнд энэ хэрэгтэй юу?
-Улс үндэстэн л бол байх ёстой зүйлүүд бүгд л байх ёстой. Гэхдээ ямар зүй тогтолтой, хэн нь тэрийгээ хэрхэн хэрэгжүүлдэг байх вэ гэдгийг бодлого гаргагч нар зөв гаргаж өгөх ёстой. Чагнах төхөөрөмжийн асуудал аль ч улс оронд байдаг л зүйл. Жишээ нь бидний хамгийн дуурайх дуртай АНУ-д аль нэг иргэнийхээ яриаг хүчний болон хууль сахиулагчид шаардлагатай гэж үзсэн тохиолдолд чагнах боломж нь нээлттэй. Мэдээж бүгд хуулиар зохицуулагдсан. Манайд болохгүй гэж үгүйсгэх нь өрөөсгөл. Байх ёстой. Гэхдээ нийгэм болоод төрд хор хөнөөлгүй, тухайн иргэнийхээ эрх ашгийг хөндөхгүйгээр чиглэсэн зорилготой үйл ажиллагаанд ашиглах нь зүйтэй болов уу.
-Ингэхэд та IT-гийн мэргэжлийн хүн мөн үү?
-МУИС-ийн математикийн ангийг төгссөн. Мэргэжлийн хүн гэж хэлж болно л доо. Миний мэргэжил хос мэргэжил. Математикч дээр программистыг нэмчихээр хэрэглээний математикч болчихдог. Математикч дээр эдийн засагчийг нэмчихээр мөн хэрэглээний математикч болдог. Өөрөөр хэлбэл бид компьютер дээр бүх л тооцоолон бодох арга хэрэгслийг ашиглан тооцоо хийдэг математикч программист гэж ойлгож болно.
-Энэ агентлагийг анх байгуулагдахаас эхлээд өдий хүртэл ажиллаж байгаа. Түүнээс өмнө хаана ажиллаж байсан бэ?
-“E Монгол” гэж хувийн компанитай байсан юм. “Цахим Монгол” гэж орчуулагдана л даа. Монголд цахим монгол хөтөлбөр гэж яригдаагүй байхад ийм компани байгуулан, цахимжуулах асуудлыг яриад явах шинэ зүйл байсан. Тэр үед “Монгол Медиа” дотком гэж анхны Монголын бүх хэвлэлүүдийг нэгтсэн веб сайтыг хуулийн хүрээнд хийж байлаа. Хуулийн хүрээнд гэж байгаа маань ч учиртай. Өнөөдөр хэн дуртай нь дуртай сониныхоо мэдээг сайтдаа хуулаад тавьчихаж байна. Бид тэр үедээ бүх сонинтой гэрээтэй, тодорхой хэмжээний төлбөр тухайн сонинд төлдөг байсан. Үнэхээр Монголын номер нэг сайтыг бид хийж байсан гэж боддог. Тэгээд би төрд орж ажилласнаар ашиг сонирхлын зөрчилдөөн үүсгэхгүй гэдэг үүднээс компаниасаа албан ёсоор татгалзсан юм. Тухайн үед интернэт, компьютерийг чөлөөтэй болгож, Монголын иргэн бүр сүлжээнд холбогдох боломжийг нээхгүйгээр ажил урагшлах боломжгүй байсан л даа. Өөрөөр хэлбэл миний бизнес зөвхөн гадаадад амьдардаг монголчуудын хүрээнд л байсан. 2000 оны үед интернэт орж сонин уншдаг 4-5 мянган хүн л байв. Тэднээс кридет карттай нь үсрээд 400 хүн байсан. Интернэтийг ашигладаг, төлбөр төлдөг нь дандаа гадаадад амьдардаг монголчууд. Тэгэхээр тэр бизнес явахгүй нь ойлгомжтой байгаа биз. Ингээд бизнес хийх гэж оролдоод хамгийн сүүлийн цэг дээрээс нь үзэхэд манай улс ямар байгаа нь мэдэгдэж байгаа биз. Ингээд л өөрчлөлт хэрэгтэй байсан учраас өнөөдрийн энэ сонголтыг хийсэн. Өнөөдөр байдал өөр. Өдөрт дор хаяж 20-30 мянган хүн интернэтэд орж байна. Энэ бүхнийг өөрчлөөд бас эргээд тийм боломжийг бий болгож байна гэдгээ харахад сайхан байна. Тийм учраас энэ бүхэн зорилготой гэж хэлээд байгаа юм. Зовлонг нь мэдэрсэн хүн л тэр бүгдийг олж харж хийдэг юм. Жишээ татахад Америкт сурч байгаад ирсэн оюутан Америк гоё, бид тэдэн шиг болох ёстой гэж ярина уу гэхээс тэдэн шиг болохын тулд юу юу хийх вэ, ямар ямар бэрхшээл байгааг мэдэхгүй л байхгүй юу. Тэд Монголд төрийн ажлыг хэрхэн, яаж явуулах вэ гэдэг тэр бүх зовлонг нь мэдэхгүй. З.Энхболд гишүүн нэг удаа Америкт сурч байгаа оюутнуудтай уулзаад, та нар сайхан сайхан яриад л байна. Монголд очоод өөрснөө хийгээд үз л дээ гэж хэлсэн юм. Тэр бол үнэхээр үнэн.
-Төсөл хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн бүрдүүлдэг вэ? Олон улсын тусламж зээл үү? Эсвэл Засгийн газрын дэмжлэг үү?
-Төр аль болох бизнестэй бага хутгалддаг байх ёстой. Дээр нь төрийн үзүүлэх үйлчилгээнээс боломжтой хэсгүүдийг нь маш яаралтай хувийн хэвшилд шилжүүлэх ёстой. Ингэж байж авилга, хээл хахуул, хүнд суртал гэсэн төрийг тойрсон маш олон муу нэрнээс салах боломж бий болно. Нөгөө талаас бид нарын сонгосон энэ нийгэм, энэ зах зээлийн систем өөрөө үүнийг шаардаж байна. Тийм учраас маш яаралтай цэгцтэй, хурдан шилжүүлж дуусах ёстой юм. Мэдээж бүх л төрийн байгууллагуудын ажил хариуцсан хүмүүсийн гол зовлон хөрөнгө мөнгө босгох нөхцлүүдээ олон улсын донор болон зээлдэгч байгууллагуудын тусламжтайгаар хэрэгжүүлэх сонирхол байдаг. Энэ сонирхлыг гүйцэлдүүлж, төсөл хөтөлбөрүүдийнхээ мөнгийг босгож ажиллана гэдэг маш хүнд хөдөлмөр. Дээрээс нь байнга хардалт сэрдэлттэй, хэл ам дагуулна. Өөрөөр хэлбэл нэг төсөл хийгээд хэдэн төгрөг хайгаад явж байгаа хэн нэгэн ажлынхаа хажуугаар нөгөө муу нэрийг ч бас үүрэх болдог. Энд хэлэхэд энэ бол хувь хүний бодол л доо. Тогтолцоо нь тодорхой хэмжээний гажигтай байгаа учраас энэ чиглэлийн асуудлууд үргэлжийн зовлонтой ажил болоод байгаа гэж боддог. Үнэнийг хэлэхэд ажил хийхгүй зүгээр суугаад цалингаа аваад явбал бие болоод сэтгэлд амар байхаар байна. Гэхдээ бид залуу хүмүүс шантрахгүй. Муу хэлүүлж, чичлүүлж загнуулсан ч энэ бүх ажлаа хийхийн төлөө өнөөдөр энд сууж байгаа. Зориг, зорилго байгаа учраас л өнөөдөр энэ салбарын ажил гайгүй яваа гэж ойлгож байна. Одоо ч тэгээд нэг үеэ бодвол тодорхой хэмжээгээр эдийн засагт шинэ шинэ боломжууд бий болж байна. Уул уурхайтай холбоотойгоор тодорхой хэмжээний гадны зээлдэгч банкуудын үйл ажиллагаа манай руу хараа тавьж эхлээд байна. Өмнө нь бид дандаа гуйлга гуйж, нөхөөс хийх байдлаар явдаг байсан бол одоо төслийг томоохон хэмжээнд төлөвлөж хэрэгжүүлэх боломж байна.
А.Эрдэнэтуяа