“Том” ялагдалд Европын баян клубууд буруутай

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

“Том” ялагдалд Европын баян клубууд буруутай

Энэ жилийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Европын хүчирхэг орнууд Бразил болон Аргентиний шигшээ багийн төвшинд хүрч чадахгүй байгаа. Харин үүний шалтгааныг Италийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанкарло Абете Европ тивийн баян клубуудтэй холбон тайлбарлажээ.

Хөлбөмбөгийн спортын түүхэнд цуутай Европын топ зургаан улс болох Герман, Испани, Итали, Голланд, Франц болон Английн шигшээ багууд дэлхийн аваргын эхний 11 өдрийн дараах байдлаар бүгд нийлээд дөрөвхөн хожил авснаас тал нь буюу хоёр хожил нь Голландын данстай.

Ийнхүү дэлхийн аваргад Европын хүчирхэг улсууд ийм тааруу, шившигтэй гэж болохуйц амжилт гаргаж байгаа нь Буурал тивийн хөлбөмбөгийн томоохон клубууд их хэмжээний мөнгө эргэлдүүлж, залуу тоглогчдыг олон улсын хөлбөмбөгийн тавцанд хөгжиж, дэвших боломжийг хааж байгаатай холбоотой гэнэ. Абете “Энэ жилийн дэлхийн аваргаас харахад Европын том багууд бүгд асуудалтай байгаа нь харагдаж байна. Испани, Франц, Англи, Герман, Италийн шигшээ багуудын хожил ердөө хоёрхон. Голландын багийг эс тооцвол энэ жил Төв болон Өмнөд Америкийн багууд л нүүрэндээ инээмсэглэлтэй байх шиг байна. Хөлбөмбөгийн клубууд улс орны холбоодоос илүү эрх мэдэлтэй, хүчирхэг байна шүү дээ. Жишээ нь л гэхэд, Реал Мадридын хөрөнгө Испанийн хөлбөмбөгийн холбооныхоос найм дахин их байдаг. Ийм хүчирхэг олон клуб бий. Тэднийг хэн ч зогсоож чадахгүй. Тэгэхээр дасгалжуулагчид залуу тоглогчдод итгэж, тэдэнд улс орныхоо төлөө гавьяа байгуулах боломж олгох ёстой” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж