Галт зэвсгийн мэдээлэл ирсээр байгаа

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Галт зэвсгийн мэдээлэл ирсээр байгаа

эУИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөд­рийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрхийн байдлын та­лаарх Хүний эрхийн үндэсний комис­сын 2008 оны илтгэлийн нэгдүгээр бүл­гийг хэлэлцэнэ. Энэ бүлэг нь 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр нийслэл Улаан­баатар хотод үүссэн олон нийтийн эмх замбараагүй байдал ба хүний эрх гэсэн сэдэвтэй. Долдугаар сарын 1-ний үйл явдлын хоёр жилийн ой дөхөж байгаа болон түүнтэй холбоотой илтгэлийн талаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжинтэй ярилцлаа. Тэрбээр мөн илтгэлийн нэгдүгээр бүлгийг дэд хороогоор хэлэлцүүлэх үүрэгтэй ажлын хэсгийн ахлагч юм.

-Долдугаар сарын 1 дөхөж байна. Танай ажлын хэсэг хуралдаж дэд хорооны хуралдааны бэлт­гэл ажлыг хийлээ. Ажлын хэс­гээс ямар дүгнэлт гаргаж дэд хо­роонд оруулах гэж байгаа вэ?

-Манай ажлын хэсэг долдугаар сарын 1-тэй холбоотой хүний эр­хийн дөрвөн төрлийн зөрчлийг хя­нан шалгах чиглэлээр мэдээлэл цуг­луулах, УИХ-аар хэлэлцүүлэх үүрэг­тэй байгуулагдсан. Нэг дэх зөрчил гэвэл, онц байдал зар­лаж, хүмүүсийг тараас­ны дараа цаг­даа, хуу­лийн бай­гуул­ла­гынхан иргэ­дийг хоморголон барив­чилсан. Ба­­рив­­чилж саатуулсан ир­гэ­дийг цаг­даа­­гийн байгууллагын эзэм­шил га­зарт аваачсаныхаа дараа зодож, ир­гэ­ний нэр төр, эрх чөлөөнд халд­сан талаар гомдол, мэдээлэл, хүний эрхийн байгууллагын тайлан зэр­гийг цуглуулсан. Өнгөрсөн оны арван­хоёр­дугаар сард болсон нээлттэй сонсголд дуудагдсан цагдаагийн ажилтнууд энэ зөрчлийг үгүйсгээгүй. Хоёрт, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд иргэдийг айлган сүрдүүлж, эрүүдэн шүүж, хууран мэхлэх замаар мэдүүлэг авсан гэсэн гомдол ихээр ирсэн. Энэ хэсэг бол зөвхөн долдугаар сарын 1-тэй ч холбоотой биш. Ер нь хууль, шүүхийн байгууллагад ийм хандлага, ажлын арга барил байгаа юм байна гэдгийг харуулсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Гурав дахь нь, тухайн үед прокурор, шүүхийн байгууллагынхан хэт нэг талыг барьсан, дээрээс үүрэг даалгавар өгсний дагуу хэргийг шийдвэрлэсэн гэсэн мэдээлэл, гомдлууд гарсан. Үүнийг иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн гэж үзэхээс аргагүй байдал үүссэн. Эдгээр зөрчлүүд юунаас болж гарав гээд судлаад үзэхээр цагдаагийн байгууллага, түүний удирдлагад хэв журам сахиулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиг үүрэг хамтдаа багтдаг. Үүнээс шалтгаалж дотоод дахь хэрэг зөрчлөө нуух бололцоотой. Цагдаагийн байгууллага хаалттай, ажилтнуудад нь хүний эрхийн мэдлэг дутмаг, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах дадлага муутай. Шүүх, прокурор руу ороод ирэхээр прокурор нь дээд шатнаасаа шалган туслах гэдэг нэрийн дор захиргааны удирдлагад нь ажилладаг юм байна. Шүүгчдийн бие даасан хараат бус ажиллагаа алдагдсан байна. Ерөнхий шүүгч нар бусад шүүгчдэдээ хэргийг яаж шүүх талаар заавар зөвлөгөө өгөх бололцоотой юм байна. Энэ мэт хүний эрхэд халдсан олон зөрчил харагдаж байгаа юм. Дөрөв дэх нь галт зэвсэг хэрэглэсэн зөрчил.
Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газарт хууль зүйн салбарын бодлого байдаггүй юм байна. Хүний эрх, эрх зүйн шинэтгэл, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын шинэтгэл хийх чиглэлээр нэгдсэн бодлого байхгүй. Тэр хоосон орон зай дотор хүний эрхийн чиглэлийн эрүүл стандарт алга болчихжээ. Практик тогтохгүй, шинэ соёл суухгүй байгаа юм байна. Тийм учраас ажлын хэсгээс Засгийн газар руу чиглэсэн нэлээд том зөвлөмжүүд, УИХ, Цагдаагийн байгууллага руу хандсан, Ерөнхийлөгчид чиглэсэн зөвлөмжүүд гаргах гэж байна.
 
-Хүний эрхийн үндэсний комисс тухайн үед хариуцлагагүй мэдэгдэл гаргасан нь хэрэг шүүхэд эсрэгээр нөлөөлсөн гэдэг шүү дээ. Энэ талаар зөвлөмжид тусгасан уу?

-Зайлшгүй цохон тэмдэглэх шаардлагатай нэг зүйл бол шүүх хуралдааны явцад өмгөөлөгч нар “Хүний эрхийн талаар ийм ийм зөрчил гарсан байна” гэж хэлэхэд шүүгч нар “Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Солонго долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг шалгахад хүний эрхийн зөрчил гараагүй гэж хэлсэн байхад та нар юу яриад байгаа юм бэ” гэж шүүгдэгчдийн нөхцөл байдлыг дордуулсан зүйлүүд гарсан. Энэ бол хүний эрхийн талаар мэдрэмжгүйгээсээ болж хүний эрхийн байгууллагыг толгойлж байгаа ажилтны гаргасан алдаа гэхээс өөр аргагүй. Энэ хүнийг соль гэсэн чиглэл өгөх гэж байсан боловч өөрөө өргөдлөө өгөөд солигдох гэж байгаа учраас дараа дараагийн томилгоонд анхаарах хэрэгтэй болж байна. Хүний эрхийн мэдрэмжгүй хүн Хүний эрхийн байгууллагыг толгойлбол ямар алдаанд хүрч болдгийг харуулсан зүйл боллоо.

-Танай ажлын хэсэг, дэд хороны дүгнэлтийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх үү?

-Манай дүгнэлтийг хэлэлцэх шаардлага байхгүй. Бид бол Хүний эрхийн чиглэлээр УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа ажлын хэсэг. Харин Ө.Энхтүвшин гишүүний ахалсан ажлын хэсэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх зүйл гарсан юм шиг байгаа юм. Гэхдээ тэнд нэг алдаа гараад байх шиг санагдаж байна. УИХ-аар байгуулсан ажлын хэсэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд үйл ажиллагаага танилцуулахаас илүүтэй УИХ-д асуудлаа оруулж ирэх ёстой. Яагаад гэвэл, УИХ бол ард түмний төлөөлөл, хууль тогтоох дээд байгууллага гэдэг утгаараа. Гэтэл манайд статус, эрх мэдлийн хил хязгаар холилдчихсон. Сүүлдээ хаана ямар ажил яваад байгаа нь ойлгомжгүй болоод эцсийн дүндээ бодит байгаа асуудлыг нууц, далдуур шийдэх тийм л арга барил руу шилжих боломжтой, тийм уламжлал ч байдаг. Тийм болохоор нээлтэй сонсголын журмаар болсон үйл явдал, хяналтын үйл явдлаа харуулдаг байх хэрэгтэй юм. Ө.Энхтүвшин даргын ажлын хэсэг манайхаас хамаагүй өргөн чиглэлээр хяналтын үйл ажиллагаа явуулсан. Тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотой олон зүйлийг үнэлэх хэрэгтэй байх. Манай асуудал бол төрөөс иргэний эрхийг зөрчсөн тухай болохоор арай явцуу, тодорхой юм.

-Удахгүй болох долдугаар сарын 1-ний өдөр төрийн зүгээс иргэддээ хандаж уучлалт гуйх ч юм уу, ямар нэг зүйл хийх шаардлага бий юү?

-Бид дүгнэлтийнхээ төгсгөлд тэмдэглэж байна л даа. Хүний эрхийг төрийн зүгээс зөрчсөнийхөө хувьд Монгол Улсын Засгийн газар уучлалт гуйх үүрэгтэй гэж үзэж байгаа. Үүнийг ирэх долоо хоногт УИХ-аар оруулж хэлэлцүүлнэ.

-Дахиад төр иргэдийнхээ аминд хүрсэн, эрх чөлөөнд халдсан нөхцөл байдал үүсгэхгүйн тулд яах хэрэгтэй вэ?

-Дахин ингэхгүйн тулд яах вэ гэдгээр нэлээд олон чиглэл, зөвлөмж гаргах гэж байна. Цагдаагийн байгууллагын өнөөгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, хэв журам сахиулах болон мөрдөн шалгах албыг салгах, дотоод хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, түр саатуулах, мөрдөн байцаах өрөө гэх зэрэг хүний эрхийн зөрчил их гардаг хэсгүүдийг камержуулах, хүний эрхэд халдсан зөрчлийн хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг зөвлөмжийг Засгийн газарт өгөх гэж байна. Шүүгчдийн томилгоонд хүний эрхийн хандлагыг шалгуур болгох хэрэгтэй байна. Гэрч, хохирогчдыг хамгаалах эрх зүйн орчин хэрэгтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлийг өөрчлөн зохион байгуулах, шүүхийн захиргааны бүтцийг шүүгчдийн оролцооноос тусгаарлах ёстой. Энэ мэт олон зөвлөмжийг гаргаж байна. Эдгээр шинэтгэлийг Засгийн газар хийж чадах уу гэдэг бол дараагийн асуудал.

-Галт зэвсэг хэрэглэсэн тухай асууд­лыг Нээлттэй сонсголоор хэлэлцэх гэж байгаад хойшлуулсан. Үүнийг хэзээ хэлэлцэх боломжтой вэ?

-Галт зэвсэгтэй холбоотой дүгнэлт рүү орж амжаагүй байгаа. Яагаад гэвэл мөрдөх, шалгах асуудал дуусаагүй байна. Тэр талын мэдээлэл нэмж ирсээр байгаа. Прокурор, шүүхийн ажиллагаа хэзээ дуусна, тэр цагт хэлэлцэх боломжтой.

-Хэзээ дуусах бол, баримжаа байна уу?

-Шүүн таслах үйл ажиллагааны ерөнхий хугацаа 2,5 жил байдаг. Цаашдаа хэдэн жил сунжрахыг хэлж мэдэхгүй байна.

-Мөддөө сонсголоор орж амжихгүй гэсэн үг үү?

-Тийм, амжихгүй.

 Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж