
-Хэдхэн хоногийн өмнө УИХ-аар Өрсөлдөөний тухай хууль баталсан. Өмнөх хуулиасаа давуу чанарууд нь?
-Чикагогийн их сургуулийн гэж нэрлэдэг баримтлалаар бол үл үзэгдэгч гар буюу бусдын оролцоогүйгээр зах зээл өөрөө хөгжөөд явах ёстой гэдэг. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн гол гол эдийн засгийн онолоор зах зээлийн өрсөлдөөн чөлөөтэй байх ч тодорхой хэмжээний зохицуулалт хэрэгтэй гэдэг нь нотлогдсон. Тиймээс зах зээлийн баримжаатай эдийн засгийн хөгжлийн замыг сонгосон дэлхийн улс орнууд бараг бүгдээрээ өрсөлдөөний асуудлыг чухалчилж байна. Зах зээлийн баримжаатай эдийн засгийн хөгжлийн гол дүрмийг өрсөлдөөний хуулиар зохицуулдаг. Дэлхийн эдийн засаг нэг нь нөгөөгөөсөө хамааралтай болж байгаа учир улс орнууд өрсөлдөөнд онцгой анхаарал хандуулж олон улсын өрсөлдөөний сүлжээ байгууллагыг таван жилийн өмнө байгуулсан. 190 гаруй гишүүнтэй тус байгууллагад Монгол Улс 2007 онд гишүүнээр элссэн. Тус байгууллагаас манайд өрсөлдөөнийхөө хуулийг шинэчлэх нь зүйтэй гэсэн саналыг удаа дараа тавьж байсан. Мөн 1993 онд батлагдсан хуулиар өнөөгийн зах зээлийн харилцааг зохицуулах боломжгүй болсон. Эдийн засаг тэлж, томоохон аж ахуйн нэгжүүд олноор бий болон аж ахуйн нэгж, субьектүүдэд хууль эрх зүйн хариуцлага хүлээлгэх механизм хоцрогдох болсон. Энэ бүхнээс үүдэн 2007 оноос хойш яригдсан Өрсөлдөөний хуулийг зургадугаар сарын 10-ны өдөр УИХ баталлаа. Ингэснээр Өрсөлдөөний тухай хууль үйлчлэх хүрээ өргөжсөн. Өмнө нь хуулийн этгээд буюу улсын бүртгэлтэй субьектүүдэд л хамаатай байсан бол одоо ченжүүд буюу олон улсын хэллэгээр албан бус секторууд хамаардаг болсон. Манай улсад албан бус секторын мах, элсэн чихэр, цагаан будаа гэх мэт зарим нэг зах зээлд үзүүлэх нөлөө хүчтэй байна. Өмнө нь эднээс хамааралтай үнийн хөөрөгдөлтийг зогсоох боломжгүй байсан бол одоо боломжтой болно.
-Хуулинд орсон аж ахуйн нэгжүүд гэсэн томъёоллын хамаарах хүрээ өөрчлөгдсөн үү?
-Янз бүрийн шалтаг, шалтгаанаар төрийн байгууллагууд өрсөлдөөнд харш шийдвэр гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхийг аж ахуйн нэгж болон бусдаас шаарддаг. Жишээлбэл, өнгөрсөн жил Сэлэнгэ аймагт нэг л компанид даатгалын эрхийг өгөөд, бусдыг нь хаасан. Булган аймгийн хэд хэдэн сумдад мод бэлтгэлийн эрхийг сумын иргэдийн хурлаар ярилцаж шийдсэн нэрийн дор хамаатан садандаа өгсөн явдал гарсан. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу ИТХ-ын ийм шийдвэрүүд манай агентлагт хамаардаггүй байсныг өөрчилсөн. Мөн монополь буюу тухайн зах зээлийн 3/1-ээс дээш хувийг эзэлдэг аж ахуйн нэгжүүдийн шударга бусаар зах зээлд өрсөлдөхийг хүссэн тохиолдлыг хянаж хариуцлага тооцно. Тухайн зах зээл дээр монополь аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний үнийг хянаж зохицуулна гэсэн үг.
-Хариуцлага тооцох талаар ямар өөрчлөлт гарсан бэ?
-Өмнөх хуулиараа торгуулийн дээд хэмжээ 250.000 төгрөг байсан бол одоо 10 сая төгрөг болж өөрчлөгдсөн. Мөн хууль бусаар олсон орлогыг нь хурааж авах хүртэл арга хэмжээ авна. Гэхдээ энэ заалтыг хэрэгжүүлэхэд жаахан төвөгтэй. Яагаад гэхээр хууль бусаар олсон орлого гэдгийг нотлоход ярвигтай байдаг. Дээр дурьдсан монопольтой холбоотой дэлхий нийтэд түгээмэл байдаг нэг асуудал бол үгсэн хуйвалдах явдал. Харахад хэрэглэгчдэд сонголттой юм шиг хэрнээ тухайн зээл дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үгсэн тохирч нэг үнэ тогтоохыг хэлж байгаа юм. Энэ нь хэрэглэгчийн эрх ашиг болон шударга өрсөлдөөнийг боомилдог. Манайд иймэрхүү явдал нэг бус удаа тохиолдож байсан. Шинэчилсэн хуулиар ийнхүү үгсэн хуйвалдсан нь тогтоогдвол өмнөх жилийнх нийт борлуулалтын орлогын 3-5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оноох болсон. Өнөөдөр Монголд 38.000 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, тэдний 100 гаруй нь давамгай эрхтэй. Тэгэхээр нь энэ хууль энэ 100 гаруй аж ахуйн нэгжээс үлдсэн 37.000 гаруй аж ахуйн нэгжүүдийг болон хэрэглэгчийг хамгаалж байгаа гэж ойлгож болно.
-Давуу эрхтэй компаниудын үгсэн хуйвалдсан орлого торгуулийн 10 саяас их байвал үйлдэл давтагдсаар байх болно. Энэ тохиолдолд яах вэ?
-Энэ байдлыг зохицуулсан заалт бас бий. Өрсөлдөөний хуулиар зохицуулах хамгийн том зөрчил бол үгсэн хуйвалдах явдал. Үүнийг хамгийн ноцтойд тооцож зөрчлийг хоёроос дээш удаа гаргасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Үгсэн хуйвалдааны цаана маш их мөнгө байдаг учраас илрүүлэхэд хүндрэлтэй. АНУ-д Тагнуулын газар нь өрсөлдөөний байгууллагатайгаа хамтран ажиллаж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс түүнийг илчилсэн хүмүүс, аж ахуйн нэгжийг урамшуулна. Ийм хуйвалдаанд оролцсон ч сайн дураараа буруугаа хүлээсэн эхний хүнийг хариуцлагаас 100 хувь чөлөөлнө. Үүнийг олон улсад өршөөлийн хөтөлбөр гэж нэрлэдэг. Хуйвалдааныг илчилсэн тухайн компани өршөөгдөхөөс гадна зах зээл дэх нэр хүнд нь өсдөг. Аж ахуйн нэгжүүдэд энэ бол маш чухал. Дашрамд сануулахад манайх 1284 шууд утсаар өрсөлдөөнд харш ямар нэг үйл ажиллагаа явуулж, үнийн хий хөөрөгдөл үүсгэж байгаа бүх тохиолдлын талаарх санал гомдлыг хүлээн авна.
-Өмнө нь Оюуны өмчийн газарт харъяалагддаг байсан зар сурталчилгаатай холбоотой асуудлыг одоо танайх хариуцах болсон гэл үү?
-Шинэчлэн батлагдсан хуулийн дагуу дэлхий нийтийн жишгийн дагуу зар сурталчилгааны хуулийн заалт манай чиг үүрэгт нэмэгдэж орж ирж байгаа. Яагаад гэвэл аж ахуйн нэгжүүдийн шударга өрсөлдөж байгаа үндсэн нэгж нь зар сурталчилгаа. Сурталчилгаагаараа л өрсөлдөж аж ахуйн нэгжүүд өөрийнхөө борлуулалтыг дээшлүүлж, зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлнэ. Бусдын бараа бүтээгдэхүүний нэрийг ашиглахаас гадна, тогтоогдоогүй үнэнийг нийтэд албадах тохиолдол гардаг. Өөрөөр хэлбэл, “манай бараа хамгийн сайн нь” гэж. Хамгийн сайн нь гэж хэн тогтоосон юм. Хэн ч тогтоогоогүй ш дээ. Зар сурталчилгаанаас гадна төрийн болон орон нутгийн бараа эзэмшлийн худалдан авах буюу тендерийн асуудал манайд харъяалалтай болсон. Тендер жинхэнэ шударга өрсөлдөөний талбар байх ёстой.
-Тодорхой хаягтай аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцоход хялбар. Харин ченжүүдтэй хэрхэн хариуцлага тооцох вэ?
-Бүх ченжүүдэд биш үнэ хөөрөгдөж буй хэсэг бүлэг хүмүүст л хариуцлага тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, ченжүүд үгсэн хуйвалдаж үнэ хөөрөгдөхийг л бид хориглоно. Тэгэхээр тийм ч төвөгтэй биш.
-Хуулийн зохицуулалт, хамрах хүрээ нэмэгдсэн учраас байгууллагыг томруулах, боловсон хүчнийг нэмэгдүүлэх асуудал бас яригдах ёстой байх?
– Бүтэц, орон тоо, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар шийднэ. Манай байгууллага 33 ажилчинтай. Шинэ хуулийн дагуу ажиллахад энэ баг мэдээж хангалтгүй. Орон нутагт төсөв санхүүгийн бэрхшээлтэй байдлаас шалтгаалаад байцаагч ажиллах ёстой байтал одоо хүртэл ажиллаж чадахгүй байна. Бид энэ үүнийг хэрэглэгчийн эрхийн байгууллага, төрийн бус байгууллагатай хамтарсан гэрээгээр зохицуулдаг. Энэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад бид ойрын үед Засгийн газарт асуудлаа оруулна. Манай байгууллагын бүтэц зохион байгуулалт нэлээн өөрчлөгдөж шинэчлэгдэх байх гэж найдаж байна. Үүнийг манай Засгийн газрын гишүүд ойлгож хүлээж авах байх.
-Зах зээлд байр сууриа олчихсон томоохон аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцох танай байцаагчид нь авлигаас ангид байх нь хуулийг хэрэгжүүлэх эхний алхам. Тэд энэ нөхцөлөөр хангагдаж чадаж байгаа юу?
-Улсын байцаагчдын эрх мэдэл тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдоод улсын байцаагч нарт сургалт явуулах ёстой. Түүнээс гадна авлига хээл хахуулаас ангид байлгахын тулд манайх хорооны зохион байгуулалтад орж байгаа. Их хэмжээний торгуультай холбоотой асуудлыг хорооны хурлын хамтын шийдвэрээр шийднэ. Энэ хамтын удирдлага найман хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд төрийн бус байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчийн эрхийг хамгаалсан хариуцсан төрийн бус байгууллагын төлөөлөл бас байна. Ийм олон нийтийн хяналттай хамтын удирдлагын зарчмаар эцсийн шийдвэр гарах учраас байцаагч нар дур зоргоороо авирлах, авлига, хээл хахууль авах асуудал гарахгүй байх боломжтой.
А.ТЭЛМЭН