Хоккейн хөгжлөөр дундаж түвшинд ордог орнууд оролцдог “Challenge Cup” тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо үргэлжилж байна. Монгол Улсын шигшээ өнөөдөр (03,19) гурав дахь тоглолтоо Кувейтийн эсрэг хийж, 3:1-ийн харьцаагаар ялалт байгууллаа.
Энэ сарын 16-нд эхэлсэн “Challenge Cup” тэмцээнд Тайланд, Тайвань, Хонконг, Кувейт, Монгол болон АНЭУ-ын зургаан баг оролцож буй. Манай улсын шигшээ баг эхний тоглолтоо тэмцээний эхний өдөр (03.16) өнгөрсөн жилийн аварга Тайваны багийн эсрэг хийж, 3:10-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн. Харин хоёр дахь тоглолтод (03.17) Хонконгийг 9:2-ийн харьцаагаар ялалт байгуулснаар эхний хожлоо аваад байсан бол өнөөдөр Кувейтийг 3:1-ээр хожлоо. Манай баг маргааш Тайландтай тоглоно. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 17:00 цагаас эхэлнэ.
Монголын багийн хуваарийг танилцуулья:
03.16 Монгол -Тайвань (3-10)
03.17 Хонконг- Монгол (2-9)
03.19 Монгол – Кувейт (3-1)
03.20 Тайланд -Монгол
03.22 АНЭУ – Монгол
Сануулахад, Монголын хоккейн шигшээ баг өнгөрсөн жил
Тайландын Бангкок хотноо болсон “Challenge cup 2013” тэмцээнээс хүрэл
медаль хүртсэн. Манай хоккейчид хэсэгтээ Энэтхэгийг 20:0, Макаог 6:1, Сингапурыг 3:2-ын
харьцаатай хожсон бол Хонконгт 3:7-ийн харьцаагаар ялагдсанаар
хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар хагас шигшээд талбайн
эзэн Тайландын багтай тоглож, 5:4-ийн харьцаагаар ялалт
байгуулснаар, мөнгөн медалийн төлөө дахин Хонконгийн багт 3:4-ийн
харьцаагаар ялагдал хүлээсэн. Хүрэл медалийн шийдвэрлэх тоглолтод
Кувейтийн багийг 11:0-ийн харьцаагаар ялалт байгуулснаар мөсөн
талбайн спортод нэгэн шинэ амжилтыг гаргасан. Монгол Улсын хоккейн
шигшээ баг ийнхүү гурав дахь удаагаа оролцохдоо /2009, 2010, 2013/ анхны
медиалаа хүртсэн сайхан амжилтыг үзүүлсэн.