Соёл урлагийн салбарынхан өөрсдийн яамтай болсноос хойш мэргэжлийн урлагийн тулгамдсан асуудлуудад онцгой анхаарал тавьж, шинэ уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж эхлээд чамгүй хугацаа өнгөрчээ. ССАЖЯ-наас нилээд олон асуудлуудыг шийдхийн дээр хэд хэдэн жүжгийг санхүүжүүлэн олны хүртээл болгосны нэг нь Галдан бошгот хааны 370 жилийн ойд зориулан бүтээсэн “Галдан бошгот хаан” дуулалт жүжиг юм. Жүжгийг Ховд аймгийн Хөгжимт драмын театрт туурвих төслийн ажлыг ССАЖЯ, Соёл урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэй хийхээр бэлтгэл ажилдаа орсон байна.
Уг төслийн зорилго нь мэргэжлийн чадварлаг уран бүтээлчдийн зөвлөх баг бүрдүүлэн шавь сургалтын дор орон нутгийн театрын уран бүтээлчдийн ур чадварыг сайжруулах, шинэ авьяас төрүүлэх, удирдлагын менежментийн шинэчлэлт хийх гэнэ. “Галдан бошгот хаан” жүжгийн зохиолыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Н.Сүхдорж бичиж, Хөгжмийн зохиолчоор Төрийн соёрхолт Б.Мөнхболд, Ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгор, Ерөнхий зураачаар Ц.Энхтуяа, конструктор зураач, жүжиг чимэглэлийн эрхлэгчээр Н.Батбилэг, бүжиг дэглээчээр Гавьяат жүжигчин А.Даваахүү, Хөгжим судлаач Соёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнсүх, Хормейстр багш Соёлын тэргүүний ажилтан Д.Нандинцэцэг, төслийн продюссероор Б.Нямсүрэн ажиллаж, М.Баатар захиралтай Ховд аймгийн Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид сэтгэл нэгдэн хамтарчээ.
Тус жүжгийн уран бүтээлийн зөвлөх баг гуравдугаар сарын 21-нд Ховд аймагт очиж, “Галдан бошгот хаан” жүжгийн уран бүтээлчдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг хийх юм байна.