Энэ жилийн дэлхийн аваргад тун ч ярвигтай байдал үүсгэсэн Францын шигшээ багийн хар дарсан зүүдтэй зүйрлэм аялал ийнхүү өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө “А” хэсгийн сүүлийн тоглолтоо зохион байгуулагч Өмнөд Африкийн багтай хийж, ялагдал хүлээсэн Францын шигшээ ийнхүү дэлхийн аваргын эхний шатнаас нутаг буцаж байна. Харин “Бафана Бафана” хэсгийн нөгөө тоглолт болох Мексик болон Уругвайн багийн тоглолтын дүнгээс хамааран хэсгээсээ шалгарах боломжийг эрэлхийлж байсан ч агуу хүсэл мөрөөдөл нь энд хүрээд өндөрлөв.
Латин Америкийн хоёр багийн хооронд болсон тоглолтын цорын ганц гоолыг Луис Суарес оруулсан боловч Францыг 2:1-ээр хожсон Өмнөд Африкийн шигшээ гоолын зөрүүгээр Мексикийн багийн дараа бичигдэж, улмаар дэлхийн аваргын түүхэнд хэсгийн шатнаас тэмцээнээ дуусгасан анхны зохион байгуулагч орон болж байна.
Харин Францын шигшээ багийн хувьд эхнээсээ л ээдрээтэй байсан дэлхийн аварга ийнхүү дуусч байна. Тьерри Анригийн гараар дамжиж орсон гоолын ачаар Өмнөд Африкийг зорих эрхтэй болсон тэд энэ удаагийн “Алтан дагина”-ын төлөөх дайныг ядаж ганц гоолтой үдсэн нь тэдний нэр төрийн баталгаа болсон гэж болно. Харин гоолын эзэн нь Флоран Малуда байв.
Өнгөрсөн долоо хоногт Францын шигшээ, үүгээр зогсохгүй тус улсын хөлбөмбөгийн спорт, цаашлаад улс төрийн тавцанд ч ээдрээтэй асуудал бий болсон билээ. Довтлогч Николя Анелька шигшээ багийн дасгалжуулагчийг доромжилсон учир багаасаа хөөгдөж, үүнийг эсэргүүцсэн тоглогчид бэлтгэл хийхээс татгалзаж, улмаар тус улсын хөлбөмбөгийн холбооны хоёр ч эрх мэдэл бүхий албан тушаалтан ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
Дэлхийн аваргын “А” хэсгийг ийнхүү долоон оноотой Уругвайн баг тэргүүлж, шөвгийн 16-д “В” хэсгээс хоёроор шалгаран гарсан Азийн төлөөлөл БНСУ-ын багтай халз тулах болж байна. Харин Мексик Диего Марадонагаар удирдуулсан Аргентиний багтай тоглох юм.
Өмнөд Африк 2:1 Франц
Хөл үймээн ихтэй өнгөрсөн хэдэн хоногийн дараа Реймон Доменек багийн үндсэн бүрэлдэхүүнд зургаан өөрчлөлт хийсэн бөгөөд багийн ахлагч Патриц Эвра энэ тоглолтод оролцсонгүй.
Тоглолтын хоёрдугаар хагасын 70 дахь минутад Францын шигшээд нэр төрийн ганц гоолыг оруулах завшаан тохиосон нь сэлгээгээр талбайд гарсан Малудагийн цохилт байлаа.
Тоглолтын эцсийн шүгэл дуугарахад уурлаж бухимдсан Доменек Өмнөд Африкийн дасгалжуулагч Карлос Алберто Паррейратай гар барихаас татгалзсан бөгөөд хожим нь сэтгүүлчдэд өгсөн яриандаа “Дэндүү их сэтгэл хөдлөл, эмоци хожим нь харамсмаар үр дагавар агуулж байдаг. Бидний мөрөөдөл цааш үргэлжилсэн бол сайхан л байлаа. Би тоглогчидтой гар барьсан, учир нь бид хүнд хэцүү цаг үеийг хамтдаа туулсан. Бид ялсан ч, ялагдсан ч бие биенээ хүндэлж байх учиртай” гэжээ. Тэрбээр мөн “Би өнгөрсөн зургаан жилийг тун гайхалтай өнгөрүүллээ, сайхан ч бас муухай ч үе бий. Одоохондоо бүхнийг дүгнэж хэлж мэдэхгүй байна. Би өөрийнхөө төлөө биш харин Францын шигшээ баг, тэдний ирээдүйд санаа зовж байна. Миний халамж залгааг авах шиэ дасгалжуулагч болон шигшээ багийнхандаа амжилт хүсье. Тэдэнд үргэлж хамгийн сайн сайхныг хүсч байх болно, мэдээж тэдний номер нэг фен нь байх болно” гэжээ.
Уругвай 1:0 Мексик
Дээрх тоглолттой зэрэгцэн Рустенбург хотноо өрнөсөн Уругвай болон Мексикийн багийн тоглолтын өмнө хоёр баг тэнцэхэд л шөвгийн 16-д шалгарах нь тодорхой байсан боловч хэсгээсээ хоёроор гарсан багийг дараагийн шатанд Аргентиний хатуу учраа хүлээж байсан учир хэн хэн нь ялалтын төлөө талбайд гарсан. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 44 дэх минутад Голландын “Аякс” клубт хүчин зүтгэдэг уругвай довтлогч Луис Суарес оруулснаар дэлхийн хошой аварга Уругвай долоон оноотой болж, хэсгээ тэргүүлсэн юм.
С.ЦЭЛМЭГ