Цол зэрэгтэй тоглогчдын ангилал буюу эрэгтэйчүүдийн дээд зиндааны өрсөлдөөн ширүүн өрнөж, лигийн хошой аварга, 1-р зэрэгтэй тоглогч С.Батзориг эхний тоглолтоороо 227 оноо авсан бол лигийн 3 удаагийн аварга, спортын дэд мастер Ш.Баатар мөн эхний тоглолтоороо 234 оноо аван хоёр тоглогч өгөө аваатай явсаар хамгийн сүүлийн 6 дахь тоглолтонд хашир мастер 37 онооныхоо алдагдлыг нөхөн 208 оноо цуглуулж, 6 тоглолтын дундаж 187,66 амжилтаар үндэсний лигт 4 дахиа түрүүлэв. Өмнө нь дэд мастер Н.Сундуйжав, Ж.Содномдорж нар 4 удаа түрүүлээд байсан юм.
Харин С.Батзориг 183,66 дунджаар спортын дэд мастерын 2 дахь болзолт оноогоо биелүүлсэн байна. 3-р байрын төлөө ур чадвараа сорьсон тоглогчдоос лигийн аварга Цэв.Батжаргал 12 оноогоор нэг багийн анд 1-р зэрэгтэй тоглогч И.Наранбатыг ардаа орхижээ.
Энэ ангилалд оролцсон тоглогчдоос 150 ба түүнээс дээш дундаж оноо авсан эхний 18 тоглогч болох Ц.Бямбасүрэн/JA баг/, Б.Батхүү, Цэнд.Батжаргал/Бимекс Тех/, С.Баярхүү, Ж.Цэвэгмид/Петровис/, Д.Отгонжаргал-Жак/JA баг/, Б.Мөнхтулга /Плехановын сургууль/, Н.Тамир /Олуулаа клуб/, О.Батбаатар, дэд мастер Д.Зоригт, О.Наранбаатар, Ж.Содномдорж болон Ю.Ганболд, 2-р зэрэгтэй тоглогч Э.Харцага/Таван цагариг сонин, Олуулаа клуб/ нарын зэрэгтэй тоглогчид 4-р сард зохиогдох “А” зэрэглэлийн “Холбооны цом-2014” тэмцээнд оролцох эрхээ авлаа. Эрэгтэйчүүдийн дэд зиндаа буюу сонирхогчийн ангилалд Б.Түвшинжаргал 160,66 дундаж оноогоор 2 дахь удаага аваргалж, энэ оны УАШТ-ий энэ төрөлд хүрэл медаль хүртсэн Г.Төмөрбаатар/Багануур/ 153,33 дунджаар анх удаагаа үзүүрт хүрч, залуу тоглогч М.Монголжин 152,00 дунджаар мөн анх удаагаа эхний гуравт тунаж, Т.Баттулга, Г.Эрдэнэбаяр, Э.Энхбаяр, Т.Болор-Эрдэнэ/Hummer/, О.Ууганбаяр нар шилдэг наймд шалгарав.
Эмэгтэйчүүдийн ангилалд Т.Дорждэрэм/Олуулаа клуб/ 3 дахиа түрүүлж, Т.Долгормаа анх удаагаа удаалж, лигийн аварга Ш.Гэрлээ 2 дахь удаагаа шилдэг гуравт үлдсэн байна. Энэ удаагийн лигийн тэмцээнд Э.Энхбаяр, С.Гансүх, Н.Батхүү, Л.Оюун-Эрдэнэ, Л.Уянгахүү нарын залуу тоглогч, эхлэн хичээллэгчид анх удаагаа оролцож, том тэмцэний утаа үнэрлэлээ. Мөн тэмцээний үеэр ур чадварын уламжлалт “Страйкес шот” тэмцээн 29 дахь удаагаа болж, 32 тоглогч оролцсоноос Ш.Гэрлээ тэргүүлэн, Т.Баттулга түрүү булаалдаж, энэ тэмцээний 5 удаагийн аварга, лигийн хамгийн залуу тоглогч Б.Мөнхтулга 3-р байрт оров. Одоогийн байдлаар тоглогчдын чансааг эрэгтэйчүүдээс Ш.Баатар 1545, Б.Мөнхтулга 1370, Цэв.Батжаргал 1325 оноогоор, эмэгтэйчүүдээс Х.Өлзийхорол 1365, Т.Дорждэрэм 1345, Т.Долгормаа 1055 оноогоор тус тус манлайлж байна. Дараагийн тэмцээнд 3-р сарын 23-ны ням гаригт болох бөгөөд “Хүрхрээ” брэндийн нэрэмжит Холимог багийн анхдугаар лигт олимп, дэлхийн аваргууд, нийгэм, соёл урлагийн олны танил эрхмүүд, боулингийн спортын цол, зэрэгтэй тоглогчид болон сонирхогчидтой сугалаагаар нэг баг болж өрсөлдөн, шилдгүүдээ шалгаруулах ажээ.