Лениний музейг хүлээлгэж өгсөнгүй

Хуучирсан мэдээ: 2014.03.19-нд нийтлэгдсэн

Лениний музейг хүлээлгэж өгсөнгүй

Улсын дээд шүүхийн шийдвэрээр В.И.Лениний музейг төрийн өмч болохыг тогтоож, харьяа яаманд музейг зориулалт ёсоор нь ашиглахыг Засгийн газар чиглэл болгосон. Энэ дагуу өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлалын яам В.И.Лениний музейг хүлээн авах байсан боловч өмчлөгч тал болох МАН-ын төлөөллөөс ирээгүй тул музейг албан ёсоор хүлээж авах ажил хойшиллоо. Музейг өдийг хүртэл ашигласаар ирсэн МАН-ын талд Төрийн өмчийн хорооноос гуравдугаар сарын 14-ний өдөр музейн барилгыг хүлээлцэх талаар дуулгасан боловч ийн холбогдох хүмүүс нь ирсэнгүй. Тиймээс албаныхан МАН-тай дахин холбогдож, тодорхой шаардлага тавихаар болсон байна.

Нэг жил гаруйн хугацаанд В.И.Лениний музейн өмчлөлийн маргааныг таслахаар Төрийн өмчийн хороо, Соёл, спорт, аялал жуулчлалын яам шүүхэд хандан, хэлэлцүүлэхэд өмчлөгч тал болох МАН-ын хүсэлтээр нийт 11 удаа хойшилж байсан юм. Тэгвэл сүүлд гуравдугаар сарын 12-нд Улсын дээд шүүхээс музейг төрийн өмч болох шийдвэр гаргасан. Энэ дагуу музейг Үлэг гүрвэлийн музей болгон өөрчилж, Дархан-Уул аймагт хадгалж буй Т-Батаар болон Байгалийн түүхийн музейд хадгалдаг үлэг гүрвэлийн яс, бусад олдворыг байршуулах бөгөөд Хүүхдийн баяраар Үлэг гүрвэлийн музейг нээхээр төлөвлөөд байгаа юм.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж