Монгол Улсын нутаг дэвсгэрт уран олборлох, ашиглах төслийг “Арева майнс” хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Цөмийн энергийн газрын даргын тайлбарласнаар бол одоо уран ашиглах лицензийг нэг ч компанид олгоогүй байгаа. Уран ашиглах лиценз хүссэн нөхцөлд эл асуудлыг Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, ураны ордыг ашиглаж эхлэхтэй холбоотой үйл явц хууль эрх зүйн хүрээнд албажаагүй байгаа боловч “Арева майнс” компанийн зүгээс хийж буй тайлбараар бол Монгол Улсын нутаг дэвсгэрт уран олборлох нь тодорхой болж байна. Мөн иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс хийж байгаа мэдээллээр уран олборлох үйл явц 2019 оноос эхэлж болзошгүй гэнэ.
Онцлоход, хэдхэн хоногийн өмнө Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч Монголд уран хайх, олборлохыг эсэргүүцэж, Чингисийн талбайд суулт хийсэн. Үүний дараахан Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монголд уран олборлох чиглэлээр нэг ч ашиглалтын лиценз олгоогүй” хэмээн мэдэгдэж байв.