
Дэлхийн зах зээлийн түүх гэр бүлийн бизнесээр эхэлсэн аливаа компани корпораци үүсгэн байгуулагчдынхаа гурав дахь үе дээрээ ирэхэд 93 хувь нь тэднээс алдуурч, алслагдсан байдгийг нотолжээ. Аав хүүгээ залгамжлах заншил бизнест бол өөрийн эрхгүй алдагддаг гэсэн үг. Энд хүү, охиноо өөрийнхөө залгамжлагчаар бэлтгэж чадлаа ч гурав дахь үе буюу ач, зээ нарын “толгой”-г мэдэх аргагүй болдог гэдгийг илэрхийлж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр үүсгэн байгуулагч өөрөө хэчнээн авьяаслаг менежер, эцэж цуцашгүй хөдөлмөрч хүн байлаа ч бизнес нь томрохын хэрээр өөрөө “хүрэлцэх”-ээ байж, өөрөө ерөнхий чиг хандлагыг тодорхойлон авьяаслаг, итгэлтэй гүйцэтгэх захирал, охин компанийн толгойлогчийн эрэлд морддог. Энэхүү жишээ төсөрхөн зах зээлд хөл тавьсан шинэ монголчуудын амьдралд арай нийтлэг нь байх. Ихэнхдээ хүү охин, гэр бүлийнхэн, ах дүүс хамаатан саднуудаа бизнесийн салбаруудаа найдан даатгах болно. Гэвч энэ бас л эрсдэл дагуулж байдаг. Зөөлнөөр иш татахад “Хамаатан саднаа компанидаа ажиллуулах шиг хэцүү зүйл алга” гэж шогширч байгаа захирал цөөнгүй л байгаа. Тэгээд л дээр хэлсэнчлэн авьяаслаг гүйцэтгэх захирал, менежерийн эрэлд хатна. Монголтойгоо ойртуулан жишиж байгаа энэ бэрхшээлийг дэлхий нэгэнт “эдлээд” компанийн засаглал хэмээх шинжлэх ухааныг аль хэдийнэ бий болгочихсон. Энэ нь зөвхөн хөрөнгө оруулагч, үндэслэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын харилцааг зохицуулах төдий бус компани, бизнес, хэрэглэгчид, харилцаж болох бүх сувгуудын үйл ажиллагааг боломжит хэмжээнд зохицуулах арга замыг бий болгосон байна. Монгол жишээг ойрхон ойрхон татаж байгаагийн учир нь нэгэнт бий болсон байгаа жишиг, стандарт, кодексийг монголчууд хэрэглэх боломжтой гэдгийг илэрхийлэх гэснийх. Хөгжиж буй улсуудын хамгийн гол давуу тал нь бусдын бүдэрч унасан чулууг тойрох буюу бусдын туршлагаас суралцах боломжтой гэдгийнх. Монголчууд хэдийгээр хожуу зах зээлийн нийгэмтэй танилцсан ч гэсэн, ихэнх компаниуд маань хөлөө олох эхний шатан дээрээ явж байгаа ч гэсэн бэлээхэн жишээ авах загвар, туршлага байна гэсэн үг.
Энэ бол Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага /OECD/-аас гаргасан Компанийн засаглалын кодекс. Энэхүү кодекс 2007 оноос Монгол Улсад албан ёсоор амьдарч эхэлсэн. Хэрвээ та сонирхож байвал Санхүүгийн зохицуулах хорооны вэб сайтаас дэлгэрэнгүйгээр танилцаж болно. Энэхүү кодексийг “Монголд нутагшуулах”-аар OECD болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлж сургалт, зөвлөгөөн зохион байгуулдаг. Бизнесмэнүүд аливаа мэдэж, мэдрэхдээ хамгийн соргог байдаг юм хойно, манай урдаа барьдаг компани, корпориациуд компанийн засаглалын зарчмуудыг биежүүлж, ажиллахаар нэгэнт алхмаа хийж ажиллаж эхэлжээ. Дээр дурдсан хуулиар далайлгалгүйгээр мэдээллээ ил болгож байгаа банкууд ч мөн адил. Тийм ч учраас эдүгээ компанийн засаглал хэмээх үг “мода”-нд ороод байна.
Зах зээлийн харилцаанд дөнгөж хөл тавьж байгаа манай улсын хувьд компанийн засаглалын асуудал жинхэнэ цаг үеэ олсон асуудал болоод байгаа. Уул уурхайн салбарын өдөөлттэй, цаашид улам л өсөн нэмэгдэх дүр зураг харагдаж байгаа манай бизнесийн салбарынханд зайлшгүй анхаарах сэдэв байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Бизнесийн салбарынхны хувьд хэдийнэ анхаарах сэдэв болоод байгаа энэ асуудлаар Монголын хэвлэлийн хүрээлэн, Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулсан юм. Энд компанийн засаглалын суурь ойлголтоос гадна Монголын өнөөгийн нөхцөл байдлын талаар хөндөгдөж байлаа.
А.ТУЯА