Хиймэл дагуул дэлхийн 3 хэмжээст зураг авна

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Хиймэл дагуул дэлхийн 3 хэмжээст зураг авна

Германы “TanDEM-X” хиймэл дагуул дэлхийн гадаргуугийн хамгийн нарийвчлалтай гурван хэмжээст зураг авахаар хөөрсөн талаар “BBC” агентлаг мэдээллээ. Уг хиймэл дагуул 2007 онд хөөргөсөн “TerraSAR-X” хиймэл дагуултай өнцөг үүсгэн нисэх бөгөөд тус хоёр хиймэл дагуул дэлхийг тойрон нисэхдээ дэлхийн гадаргуугийн хоёр метрийн нарийвчлалтай гурван хэмжээст формат зураг авах юм байна. Ийнхүү гадаргуугын өндөршилтийн зургийг дижиталаар авах нь хэт доогуур нисдэг цэргийн тийрэлтэт онгоцууд болон газар хөдлөлт тохиолдсон үед аврах ажиллагаа явуулахад ашиглах зэрэг олон талын үйл ажиллагаанд ашиглах боломжтой өгөгдөл бий болгох болно.

“Бид өнөөдөр хаана ч байхгүй тийм нарийвчлалтай, чанартай зураглалын загвар бий болгохыг зорьж байна. Энэ бол үнэхээр ямар ч залгаасгүй, үргэлжилсэн дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн болох бөгөөд хооронд нь залгасан олон тусдаа өгөгдлийн баазнаас огт өөр байх болно” гэж хиймэл дагуулын дүрс боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг “Infoterra GmbH” компанийн доктор Варк Хелфриц “BBC” агентлагийн сурвалжлагчид ярьж байна. “TanDEM-X”  хиймэл дагуулыг Казахстаны Байконур Космодромоос “Днепр” загварын тив алгасагч баллистик пуужингаар сансарлуу хөөргөсөн байна. “Днепр” хиймэл дагуул Улаанбаатарын цагаар даваа гаригийн 1014-т хөөрсөн байна. Хөөрснөөс хойш 31 минутын дараа хиймэл дагуул тээвэрлэгч хэрэгслээс амжилттай салсан тухай дохиог Антарктид дахь тандах станц хүлээн авчээ. Шинээр хөөргөсөн хиймэл дагуул дэлхийгээс 514 километрийн өндөрт тойрог замд орсон байна. “Сансрын хөгжлийн түүхэнд анх удаагаа хиймэл дагуулуудыг ийнхүү хооронд нь маш ойрхон зайд байрлууллаа. Тэд хоорондоо ердөө 200 метр зайтай орбитоор дэлхийг тойрч байна. Энэ бол аяллыг контроллеруудын хувьд маш том сорилт” гэж Германы Агаарын төвийн сансрын нисгэгч Бригадийн Генерал Томас Рейтер ярьж байна.

Хос хиймэл дагуулуудын радарууд агшин тутамд бичил долгион дэлхийрүү цацаж байгаа бөгөөд долгион ямар хугацааны дараа хиймэл дагуул дээр буцаж ирж байгааг хэмжих замаар дэлхийн гадаргуугын өндөршилтийг хэмжих болно. Ийнхүү тойрог замаар ойрхон хосолж ниссэнээр “стерео дүрслэл” үүсгэх болно. “TanDEM-X” хиймэл дагуул дэлхийн хуурай гадаргуу болох 150 сая км квадрат талбайг бүрэн хамарч зураглал хийхэд гурван жил шаардагдах болно гэж шинжээчид үзэж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж