Нийгмийн даатгалын асуудлаар хариулт өглөө

Хуучирсан мэдээ: 2014.03.19-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын асуудлаар хариулт өглөө

Засгийн газрын "11 11" төвд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан оролцож, иргэдийн асуултад хариулт өглөө.

Иргэдийн зүгээс тэтгэврийн даатгалын шинэ хууль, тэтвэрийн нөхцөл зэрэг олон асуултад хариулт хүссэн байна.  Эл ярилцлагын үеэр иргэд 11 11 төвтэй утсаар болон интернэтээр холбогдон, өөрсдийн сонирхсон асуултдаа хариулт авдаг ба Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/-ын дарга Ц.Уртнасангаас асуусан түгээмэл асуултын хариуг тоймлон хүргэж байна.

Засгийн газраас тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн боловч бодит байдал дээр цалин бага нэмэгдсэн нь ямар учиртайг тайлбарлахыг иргэд хүсчээ. Энэ асуултад "Нийгмийн даатгалын санд 80 орчим тэрбум төгрөгөөр тэтгэвэр, тэтгэмжийг  нэмэхээр бүрдүүлсэн.  Одоогоор нийт тэтгэвэр авдаг иргэдийн гуравны хоёрынх нь тэтгэвэр 15 хувиар нэмэгдсэн байгаа.  Мөн  ажилласан жилээ нөхөн тооцуулах тухай хуулийн дагуу 16,5 хувийн нэмэгдэл хийсэн. Ингээд нийт  80 мянга орчим иргэдийн тэтгэвэр, тэтгэмж 15 хувиар нэмэгдсэн. Энэ нь бодит судалгаан дээр суурьлан нэмэгдсэн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл" хэмээн хариулав.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлдөг ч үр шимийг нь хэзээ хүртэх талаар олон иргэд хандсан байна. Энэ асуултад, "Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх журмыг Эрүүл мэндийн сайд шийдвэрлэдэг. Тиймээс тодорхой шаардлага хангасан хувийн эмнэлгүүдээр эрүүл мэндийн даатгалын шимтгэлээрээ үйлчлүүлэх боломжтой байдаг.  УИХ дээр Хамтын тэтгэврийн даатгалын тухай хууль хэлэлцүүлгийн шатанд яваа. Энэ хууль батлагдвал Нийгмийн даатгалын санд ачаалал үүсэх үү гэсэн асуултад нэгэнт хууль гараагүй, хэрэгжүүлэх бололцоо гараагүй байгаа учраас ямар нэг байр суурь илэрхийлэх боломжгүй" гэсэн тайлбарыг тэрээр өглөө.

"Хамтын тэтгэврийн хууль батлагдаагүй байгаа. Хуулийн төсөл боловсруулах явцад НДЕГ-аас санал авсан. Мэдээж, энэ хууль батлагдаад, хэрэгжиж эхэлбэл НД-ийн санд ачаалал үүсгэнэ. Хууль батлагдаагүй учраас тодорхой хариулт өгөх боломжгүй байна" гэсэн тайлбарыг НДЕГ-ын дарга мөн онцоллоо.

"БНСУ-д ажиллаж, шимтгэл төлсөн иргэдэд нөхөн олговор олгож байгаа. Энэ мөнгийг хэд хоногийн дотор шийдвэрлэж өгдөг вэ" гэсэн иргэний асуултад "2006 оноос БНСУ-тай Монголын засгийн газар хамтын ажиллагааны  хүрээнд Өмнөд Солонгост нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан иргэдийн даатгалыг нөхөн олгож эхэлсэн. Хамгийн сүүлийн тоогоор  20 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгоод байгаа. Энэ нөхөн олговорыг олгохын тулд Солонгос улсаас мэдээлэл авах, лавлагаа авах зэрэг ажлыг хийдэг учраас цаг хугацааны хувьд хүлээгдэж байгаа зүйл бий. Хэрэв тухайн иргэний шимтгэл төлсөн нь асуудалгүй бол долоо хоногийн дотор шийдэгдэх бүрэн боломжтой" гэлээ.

Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулга УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд байгаа аж. Тэгвэл "Энэ хуульд  эрүүл мэндийн даатгалаа төлснийхөө хирээр эргүүлэн ашиглах, эмнэлэгт үзүүлж чаддаг болох боломж бий юу?" гэсэн асуултад  “Монгол Улсын нийт хүн амын 98 орчим хувь нь Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан ч үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн гомдол их байдаг. Тиймээс шинэ хуулиар иргэдийн энэ гомдлыг шийдвэрлэх асуудлыг тусгаж, шийвэрлэх байх гэж бид бодож байна" гэсэн хариулт өглөө.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж