Пиарын “загалмайлсан эцэг”

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

Пиарын “загалмайлсан эцэг”

Хар бүрх, дэгжин фракаар имижээ бүрдүүлдэг энэ эрхэм хэзээний таяг сугавчилж, тамхи зуучихсан явж байх. Энэ бол мэдээж төрсөн эцэг нь Боролдой юм шиг студийнхээ нэрээр овоглогдож олонд алдаршсан ноён С.Мягмар. Монголын дэлгэцийн урлагт тэр дундаа пиарын ертөнцөд энэ бүрх малгайтай ноёнтны бий болгосон бүхэл бүтэн школ маягийн юм байдаг. “Hero”-гийн Б.Баатар гэхэд л чухамдаа “Боролдой”-гийн бүтээгдэхүүн. Сонгууль дөхөхөөр түүний эрэлт ч тэнгэрт тулж, 2 нам өөр хоорондоо булаацалддаг гэдэг. Чамгүй олон жилийн хөдөлмөр зүтгэлээрээ ноён С.Мягмар Үндэсний телевизийн хажууд “Black box” мини театр барьж босгон, жавар тачигнасан 12-р сарын нэгэн үдэш мартагдах шахсан “Гоо марал”-аар театрынхаа хөшгийг нээж байсан түүхтэй. Юутай ч түүх болохоо шахсан “Гоо марал”-ыг зориглон сэргээсэн ноён С.Мягмар урлагийн тэргүүн дээд шагнал “Гоо марал-2013”-аас шагнал хүртсэн. Гэр бүлээрээ урлагт хайртай сэтгэл зүрхээ өгч яваа Боролдой С.Мягмарын хоёр хүү ч мөн адил урлагт элэгтэй аавынхаа баруун, зүүн гарын шадар туслахууд.

“Жи энтертайнмент”, “Херо энтертайнмент”, “ ST студи”,  “Why Not” студи . Үүсгэн байгуулагчид нь бүгд С.Мягмарын анхны шавь нар гээд бодохоор тэр нэг ёсондоо пиарын “загалмайлсан эцэг” ч юм уу даа. “Херо энтертайнмент”-ын Б.Баатар ч “Гоо марал”-ыг хүртэж байхдаа ноён С.Мягмарт мэхийн ёсолж, багшдаа баярлаж талархсанаа илэрхийлж харагдсан.

“Элит” театраа нээхийн тулд бүтэн гурван жилийн турш бодож, бүтээсэн “Боролдой” С.Мягмар жүжигчидээ ч гэсэн гурван жил хайж, цоо шинэ чадварлаг хамт олныг бүрдүүлснээ онцолж байсан. Тэрээр театраа элит хэмээн нэрлэсэнээ бас их "зэвүүн" тайлбарласан. “Элит гэхээр хүмүүс мөнгөтэй, баян хүмүүсийг хэлдэг гэж ойлгодог юм шиг байгаа юм. Элит гэдэг нь өөрөө мэдлэг, боловсрол нь өндөр түвшинд хүрэхийг зорьсон, хүрч байгаа, нийгмийн оюун санааг удирддаг, нийгмийн оюун санаанд хүчтэй нөлөө үзүүлдэг хүмүүсийг хэлдэг” хэмээн “Боролдой” С.Мягмар ярьсан удаатай. Нийгмийн оюунлаг хэсэгт зориулж энэхүү театрынхаа үүд хаалгыг олон жил бодож тунгаасны эцэст нээсэн нь цаг үеэ олсон хэрэг байсан гэдгийг ч дуулгахад таатай байна.

Нийгмийн манлайлагч оюун санааны охь хэсгийг бүрдүүлэгч цөөн хэсэгт зориулсан “Элит” театр сонгомол жүжгүүдийг шинэ цагийн оюун ухаанаар найруулснаар үзэгчдэд оюуны цэнгэл эдэлж, урлаг уран сайхны боловсрол мэдлэгээ дээшлүүлж, мөн амьдралыг илүү өргөн хүрээнд харахад нөлөөлсөн, нөлөөлж ч байгаа. Нийгмийн хариуцлагаа  биелүүлж гэр бүлээрээ хүндтэй үүрэг хүлээсэн “Боролдой” С.Мягмарын гэр бүлд, театрын хамт олонд амжилт бүтээлийн дээдийг хүсье.

Д.ЦЭГЦ

Эх сурвалж: www.grandnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж