Монголын 15-64 насны хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татдаг, 37,5 хувь нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, гурван эрэгтэй тутмын нэг нь жингийн илүүдэлтэй эсвэл тураалтай байдаг гэсэн судалгаа байдаг аж. Мөн гадны нөлөөтэй буюу осол аваар, гэмтэл зэргээс нийт эрэгтэйчүүдийн 24,9 хувь нь амь насаа алдах тохиолдол гардаг бөгөөд зүрх судасны, осол гэмтэл, хавдрын өвчлөл эрэгтэйчүүдэд ихээр тохиолддог гэх судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргасан байна. Эрүүл мэндийн яамнаас 2013 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих” өдөр болгон зарласан бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа тэмдэглэсэн байна. Энэ хүрээнд эрэгтэйчүүдэд үнэгүй үзлэг, оношлогоо хийх ажлыг ч эхлүүлсэн талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцуулсан. Цаашид эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг төрийн бодлогоор зохицуулж, санхүүжилт олгох, аймаг, дүүрэгт бүрт эрэгтэйчүүдийн кабинет байгуулахаар тус яамнаас төлөвлөөд байгаа аж. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг 2014, 2015 онуудад хэрэгжүүлэх стратеги боловсруулсан байна. Стратеги төлөвлөлтийн хүрээнд ирэх 2018 он хүртэл бүхий л хоёрдугаар шатлалын эмнэлгүүдэд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинет байгуулж, эрэгтэйчүүдийн эмч нарыг бэлтгэх юм байна.
Мөн хэлэлцүүлгийн үеэр эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг ярихаас гадна, 51/49 харьцаатай жендерийн харьцааг өөрчилж, эрэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах, эрэгтэйчүүдийн өвчлөлийн шалтгааныг тогтоож, урьдчилан сэргийлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүүлэх, бодлогын түвшинд шийдвэр гаргагчдад хүргэнэ гэдгээ эмэгтэй гишүүдийн зүгээс онцолсон юм.