УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн М.Зоригт нар өнөөдөр /2014.03.18/ ОХУ-ын Халимагийн Бүгд Найрамдах Улсын Элиста хотын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн тэргүүлэгч В.Намруевыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Халимагийн Бүгд Найрамдах Улсын Элиста хотод түүхийн аялал жуулчлалын “Тэмүүжин” цогцолбор байгуулах асуудлаар ярилцсан юм. Чингис хааны эзэнт гүрэн, 13-р зууны монголчуудын түүх соёлд тулгуурлан байгуулах уг цогцолборт Монгол улсын түүхийн музей, Халимаг улсын түүхийн музей багтах юм байна.
УИХ-ын дэд дарга Л.Цог ОХУ-ын Халимагийн Бүгд Найрамдах Улсын Элиста хотын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн тэргүүлэгч В.Намруевт хандан, энэхүү төслийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлээд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.