Д.Чойжамц: Бүлээн дулаан гэр бүл хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

Д.Чойжамц: Бүлээн дулаан гэр бүл хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц бараалхлаа.

Төрийн тэргүүний санаачилсан “Том төрөөс ухаалаг төр лүү” бодлогод иргэнээ чадвартай, ёс зүйтэй, санаачлагатай болгоход дэмжлэг үзүүлнэ гэсэн санаа туссаныг бурханы шашны төв, сүм хийдүүд дэмжиж мөн тодорхой саналуудыг дэвшүүлж байгаа аж. Энэ тухайгаа Д.Чойжамц хамба Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ онцолж, “Хамгийн шилдэг шинэчлэл нь хамгийн сайн уламжлал байдаг, хамгийн аугаа их нууц хамгийн эгэл зүйлд байдаг” гээд шашны уламжлалд савыг бэлтгэх гэдэг том ажил байдаг. Сав бол аливаа нэг зүйлийг зөвөөр хүлээж авах уран чадвар. Юм болгоныг шүүмжилж бүхнийг хар талаас харах бус үнэн зөвөөр ойлгодог уран чадварт ард түмэнд суух юм бол дэлхий ертөнцийн сав шимээс сайн, сайхныг хүртэж чадах юм.

Тусгаар тогтносон Монгол Улс гэсэн том саван дотор дагаад хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулж байгаа.  Ийм нийгмийг цогцлооход бүлээн дулаан гэр бүл хэрэгтэй. Үүнийг бий болгоход хүмүүжилтэй боловсролтой, ёс зүйтэй монгол иргэн хэрэгтэй. Хүн гэдэг ойлголт бол бие, хэл, сэтгэл гурваас гардаггүй, биеийн хүмүүжил биеийн төгөлдөршил бас хамаарна. Монгол хүн Азидаа хамгийн сайхан бие бялдартай болж болох юм биенээс нь харагддаг. Нүүдэлчин ард түмэн байсан учраас бие бялдар сайтай залуусаа орчин үеийн спортоор хичээллүүлж, хөдөө нутгийнхнаа мал аж ахуйтай нь зохицуулж хөгжүүлэх юм бол Азидаа монголчууд хамгийн сайхан бие бялдартай иргэдтэй орон болох боломжтой. Европт, Америк, Англи хүн том биетэй баргил хоолойтой байдаг шиг.

Биеийн хөгжил дээр бид судалгаа хийж үзсэн, маш хөдөлгөөнтэй тогтворгүй хүүхдийг компьютер, шатрын дугуйлангаар хичээллүүлэхэд маш аажуу тайван болж байгаа. Эрэгтэйлэг болж байгаа эмэгтэй хүүхдийг бүжгийн дугуйлангаар хичээлүүллэхэд их уян хатан болж байгаа. Ийм байдлаар хүнээрээ хүн хийж болно. Дээр нь хэл ярианы төлөвшил чухал. Сүүлийн үед хэлийг бузарлаж байгаа юм бол кино шийний орчуулга боллоо. Монгол ёс жудаг, хэм хэмжээнээс хэтэрсэн үг хэллэг ихээр хэрэглэгддэг болсон байна. Тухайн улсыг үгийг тэр чигээр нь орчуулж тавьснаас эр нөхрөө хайраа ч гэдэг юм уу бусармаг үгнүүд орж ирж байна. Хэлийг яруу болгох, хүндэтгэлийн үг, зүйр цэцэн үг хэрэглэж байх чиглэлд анхаарах цаг хэдийнэ болсон” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Та бүхэн бидний санаачлагыг дэмжиж байгаад, тодорхой судалгаатай зүйл ярьсанд баярлалаа. Цаашдын ажилд амжилт хүсье” хэмээснээр энэ удаагийн уулзалт өндөрлөсөн юм.

Энэхүү уулзалтын дараагаар төрийн тэргүүн гурав дахь уулзалтын зочид буюу энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцсон юм. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж