“Улаанбаатарын яриа хэлэлцээ” уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” уулзалт боллоо

-ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнд Зүүн хойд Азийн асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын талаарх уулзалт зохион байгуулагдлаа-

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал болон манай улсын гадаад бодлогын гол баримт бичгүүдэд Зүүн хойд Азийн бүс нутгийн талаар баримтлах Монгол Улсын бодлогыг: нэгд, бүс нутгийн эдийн засгийн интеграцад оролцох, хоёрт, түүний гол баталгаа болох бүс нутгийн аюулгүй байдлын механизм бүрдүүлэхийг дэмжиж, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах гэж томьёолсон байдаг. Гэвч тус бүс нутагт өнөөдрийг хүртэл улс төр, эдийн засгийн интеграц хараахан хөгжиж, бүрэлдээгүй байна. Тиймээс бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй аливаа асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний замаар зохицуулах нь бүс нутгийн улс орнуудын хувьд эн тэргүүний зорилт төдийгүй сорилт болоод удаж байна. Бүс нутгийн аюулгүй байдлыг зохицуулах үндсэн зорилготой ОХУ, БНХАУ, АНУ, БНАСАУ, Япон, БНСУ улсыг оролцуулсан 6 талт хэлэлцээг Монгол Улс ямагт дэмжиж ирсэн бөгөөд харин уг хэлэлцээ хэсэгтээ зогсонги байдалд ороод байна.

Ийм үед буюу 2013 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдсон Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн Сайд нарын хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хельсинкийн үйл явц”-ыг жишээлэн "Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г бий болгоё гэдгээ илэрхийлсэн. Тиймээс эл санаачилгыг холбогдох талуудад таниулан сурталчлах зорилгоор Стратегийн Судалгааны Хүрээлэн 2014 оны 3 дугаар сар 18-ны өдөр бүс нутгийн зарим орны ЭСЯ-аас төлөөлөгчдийг урьж уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтын үеэр оролцогчид асуулт асууж тодорхой хариулт авсны зэрэгцээ өөрийн болон улсынхаа байр суурийг илэрхийлжээ. Монголын уг санаачилгын зорилго, онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч буй иймэрхүү арга хэмжээний ач холбогдолыг тэд цохон тэмдэглэлээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж