Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд монголчууд хэт хуучирсан арга, технологи ашигладаг гэж шүүмжилдэг ч өнөөг хүртэл ажлын байрыг хадгалсаар ирсэн тухай салбарынхан тайлбарладаг. Одоогийн байдлаар улсын хэмжээнд мал нядлах, эхлэн боловсруулах 42, хиам, нөөшилсөн бүтээгдэхүүний 131, хагас боловсруулах 21 үйлдвэр ажиллаж байна. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид улсын хэмжээнд дунджаар 8.0 гаруй сая толгой мал хүнсэнд хэрэглэж, 200 орчим мянган тонн мах үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа ажээ. Үүнээс 15.4 мянган тонн махыг үйлдвэрийн аргаар боловсруулж, 3.7 мянган тонн мах экспортолж, 47.7 тонн мах импортолсон байна. Цаашдаа мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг илүү үр ашигтай болгохын тулд төр, хувийн хэвшлийн холбоог сайжруулж, том төсөл, хөтөлбөрүүдэд жижиг бизнес эрхлэгчдийн оролцох боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэйг салбарынхан хэлж буй.
Махны үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлнэ
Монгол Улсад хүнсний салбар үүсч хөгжсөний ойн баярыг тохиолдуулан салбарынхан Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт нэвтрүүлж буй дэвшилтэт техник, технологи, салбарын ажил мэргэжлийн уралдаан, арга хэмжээг зохион байгууллаа. Уралдааныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголын хүнсчдийн холбооноос зохион байгуулсан бөгөөд уралдаанд 11 компанийн 21 ажилтан оролцжээ. Энэ хүрээнд салбарынхан спортоор өрсөлдөж, хоорондоо туршлага, санал бодлоо солилцсон байна.
Б.МИШЭЭЛ