Хакухо 1000 дахь барилдаанаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Хакухо 1000 дахь барилдаанаа хийлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн ес дэх өдөр буюу өнөөдрийн барилдаанд Их аварга Хакухо М.Даваажаргал 1000 дахь барилдаанаа хийж, өрсөлдөгч Тотиозаныг яллаа. Ингэснээр Их аварга Хакухо М.Даваажаргал мэргэжлийн сумод 1000 барилдаж, 822 дахь даваагаа авч байгаа юм.

Ес дэх өдрийн барилдаанд Монголын сумочдоос ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж, озэки Какурюү М.Ананд, Тамаваши Б.Мөнх-Оргил, Кагамио Б.Нанжид, Азумару С.Тодбилэг, Токитэнкү А.Хүчитбаатар нар учраа бөхөө давжээ.

Өнөөдрийн барилдаанд ёкозуна Харумафүжи озеки Котоошюүг давсан бол ёкозуна цолны болзол сонсоод буй Какурюү М.Ананд хүчтэй өрсөлдөгч Такаясуг давж, башёгийн найм дахь даваагаа авлаа. Сануулахад, Какурюү 13 болон түүнээс дээш давбал 71 дэх ёкозуна цолтон болох болзлыг Японы сумо бөхийн холбооноос сонсгоод байгаа билээ.

Хару башёг есөн өдрийн дараах байдлаар есөн даваатай Их аварга Хакухо М.Даваажаргал, ёкозуна Д.Бямбадорж, Хомашё нар 100 хувийн амжилтаар тэргүүлж байна. Харин найман даваа, нэг унаатай Какурюү М.Ананд, Осунаараши нар тэргүүлэгчдийг нэхэж байна.  

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж