М.Анхцэцэг: “Эмэгтэй хүн байж хар төмөр өргөөд…” гэдэг байлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

М.Анхцэцэг: “Эмэгтэй хүн байж хар төмөр өргөөд…” гэдэг байлаа

Тайландын Бансей хотод болсон хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өсвөрийн болон залуучуудын 69 кг-ийн жинд хүч үзэж зургаан медаль хамсан “Алдар” спорт хороо, Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчин М.Анхцэцэгтэй ярилцлаа.

-Ази тивийн аваргад анх удаа оролцохдоо медалийн тавцанд зургаан удаа гарч чадлаа. Энэ тэмцээний өмнө бэлтгэл сургуулилтаа сайн базаасан бололтой?

-Энэ жилийн тэмцээнд манай олон тамирчин нэг дор өрсөлдсөнөөрөө онцлогтой. Түүнчлэн жин жингийн шилдэг тамирчид удахгүй Нанжиньд болох Хүүхдийн олимпод оролцох эрхээ авсан. Олимпийн өмнөх сорил гэдэг утгаараа тамирчдын бэлтгэл сургуулилалт маш сайн хангагдсан байна лээ.

-Таны гол өрсөлдөгч аль улсын тамирчин байв?

-Зүүн Азид туршлагатай тамирчин олон бий. Миний авсан зургаан медалиас ядаж нэг нь алт байсан бол багш маань хичнээн их баярлах байв гэж хааяа бодох юм.

-Өөрийг чинь энэ спорт руу хөтөлж оруулсан хүн хэн байв?

-Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулийн н.Цэрэннадмид багшид анх шавь орж байлаа. Бэлтгэл хийх байр талбайгүй тул сургуулийнхаа коридорт л төмрөө өргөнө шүү дээ. Бүтэн жил гаруй ийм маягаар бэлтгэл хийж явсаар 2008 онд Спортын төв ордны хүндийг өргөлтийн н.Чулуунпүрэв багш дээр очсон. Намайг энэ спортод анх хөл тавьж байхад аав, ээж хоёр маань тун дурамжхан ханддаг байлаа. “Эмэгтэй хүн байж хар төмөр өргөөд” гэх яриа орой бүр гарна. Би энэ спортод хайртай. Тийм болохоор хүмүүсийн элдэв шүүмжлэлийг тэвчихээс өөр яахав. Би бага байхын зөрүүд зантай хүүхэд./инээв/ Хүндийг өргөлтийн бэлтгэл хийж байгаагаа аав, ээжээсээ хүртэл нуудаг байсан үе надад бий. Хагас жил орчим нууцаар бэлтгэл хийсэн дээ. Зааланд сагсан бөмбөг тоглолоо гэж гэрээсээ гарах зөвшөөрөл авна. Тэгээд нөгөө төмөрөө л өргөнө шүү дээ.

-Тэгээд аав, ээжээсээ яаж зөвшөөрөл авч чадав?

-Би анхны тэмцээндээ амжилт гаргаж, авсан медалиа аав, ээждээ үзүүлтэл миний сонголтыг хүндэтгэж одоо бүр дэмждэг болсон.

-Ямар тэмцээнээс анхны медалиа авсан бэ?

-Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд 2009 онд анх орж байлаа. Дөнгөж 12-хон настай байж. Тэр тэмцээнд спортын мастерын болзол биелүүлсэн. Санаанаас ер гардаггүй дурсамжтай тэмцээн гэвэл тэр.

-Азийн аваргын дэвжээнд хувийн амжилтаа ахиулсан гэв үү?

-Би өсвөрийн огцом өргөлтөд анхны захиалгаа 85 кг-аас эхлүүлсэн. Эхний даалгавраа төвөггүй биелүүлж, удаах оролтоороо 88 кг-ийг мөн л ядалгүй өргөж орхисон. Ингэснээр медалийн тавцанд гарах нь тодорхой болсон юм.

-Энэ таныг сүүлийн захиалга байсан уу?

-Үгүй ээ. Гурав дахь захиалгыг багш маань 90 кг болгон өсгөсөн. Би уг нь 90 кг-ийг жирийн бэлтгэл дээр өргөдөг л юм. Тэмцээний үеэр бага зэргийн алдаа гаргаж хүрэл медаль дээр буусан.

-Дараа нь түлхэлттэй өргөлт рүү амрах сөхөөгүй шууд л орсон байх аа. Ядарсан уу?

-Өмнө нь алдаа гаргасан болохоор дараагийн оролтод хичээж байгаад амжилтаа ахиулахыг л боддог юм билээ. Түлхэлттэй өргөлтийн эхний захиалгаа 100 кг хэмээн өгсөн боловч дийлээгүй. Бага зэрэг ядарсан тал бий. Хэсэг амсхийгээд өнөөх 100 кг-даа дахин орсон. Хоёр дахь оролдлогоор амжилттай өргөж мөнгөн медалийн болзол хангасан даа.   

-Түлхэлттэй өргөлтийн гурав дахь захиалгаа өгөөгүй байх аа?

-Гурав хоногийн дараа залуучуудын аварга шалгаруулах тэмцээн намайг хүлээж байсан. Тиймээс хүчээ нөөж, гол тэмцээндээ анхаарлаа хандуулахаар шийдсэн юм. Сүүлийн захиалгыг багш бид хоёр хамт ярилцаж байгаад хаалгасан.

-Та хэзээнээс Ц.Хосбаяр багштай бэлтгэл хийж эхлэв?

-Надаас гадна шигшээгийн ихэнх хүүхэд Ц.Хосбаяр багш дээр бэлтгэл хийдэг.

-Азийн аваргаас нэг дор зургаан медаль авах ямар санагдаж байна?

-Ц.Хосбаяр багш маань Азийн аваргаас хүндийг өргөлтийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан. Олон жил өнгөрчээ. Миний авсан зургаан медалиас ядаж нэг нь алт байсан бол багш маань хичнээн их баярлах байв гэж хааяа бодох юм.

– Олон улсын хэмжээний мастер цолыг хэзээ авсан бэ?

-2011 онд Дархан хотод болсон Хүүхдийн их наадмын тэмцээнд амжилттай оролцож өмнөх амжилтаа бататган энэ цолыг авсан.

-Танай гэр бүлд спортын цол зэрэгтэй тамирчин бий юу?

-Манай өвөөгийн эгчийнх нь нөхөр С.Доржханд гэж мундаг хүн байсан юм билээ. Олимпод эх орноо төлөөлөн орж байсан гэдэг. Түүний хүүхэд нь ОУХМ Д.Ихбаяр гэж бас л мундаг тамирчин байдаг.

-Долоо хоногт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?

-Пүрэв, ням гаригаас бусад өдөр бэлтгэлтэй байдаг.

-Хүндэлж явдаг тамирчин гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Мэдээж Баярмаа эгч шиг мундаг тамирчин болохыг хүсдэг. Надад үргэлж мэдлэг, туршлагаасаа хуваалцдаг эгчдээ хайртай шүү.

-Тамирчин бүр олимпод оролцохыг хүсдэг. Удахгүй олимпийн оноо цуглуулах тэмцээн эхэлнэ. Та үүнд хэр бэлдэж байна вэ?

-Би олимпийн аварга болох зорилготой, зургаан жил төмөр өргөж байна. Үүнийхээ үр шимийг амсахыг өдөр бүр хүсдэг, мөрөөддөг, залбирдаг. Түүнчлэн надад тусалж дэмждэг хурандаа Г.Өсөхбаяр даргатай “Алдар” спорт хороо, “Монгол жонш”, “Есүүдийн батууд”, “Үнэнч анд”, “Сувинер хаус”, “Солонго орд”, “Халка” компанийн ах эгч нартаа баярлаж явдгаа танай сониноор дамжуулан илэрхийлье. Би та нарынхаа ачийг хариулна аа.

Д.ЖАВХЛАН

ЭХ сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж