“Орон нутагт амьдрал маш хүнд байна. Эдийн засгийн өсөлтийг ард түмэн бид гүйцэхгүй нь” хэмээн хөдөөгийн зон олон өгүүлж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан баг Баянхонгор, Архангай аймагт ажиллаж, улс орны нийгэм, эдийн засгийн байдал, нутаг орны өмнө тулгамдаж буй асуудлын талаар иргэдийн санал бодлыг сонслоо. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Содбилэг, МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа, Нийгмийн хөгжлийн бодлогын газрын дарга С.Чинзориг, Хонгор нутгийн унаган хүү, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат нар хамт ажилласан юм.
Ерөнхийдөө орон нутгийн амьдрал шалдар булдар, цагийн байдал ороо бусгай байна. Иргэд бухимдлаа, санаа бодлоо хэнээс ч айж эмээхгүйгээр илэрхийлж, амин хувийн гэхээсээ илүү ард олон, улс үндэстний сэдэвтэй асуудал ярьж, тулга тойрсон сэдвээс хэдийнэ хальжээ. Нутгийн иргэд ардчилсан, хамтарсан эвсэж солонгорсон гэх мэт нам засгийнхны хэрэгжихгүй хууль, хэрээс хэтэрсэн үйлдлийг нэр устай нь хэлж, шүүмжилж байна. Нэг үгээр хэлбэл, уулзалт бүхэн ширүүхэн өрнөж, Засгийн газрын хийж буй ажлыг илүүтэй буруушааж байлаа. Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний огцом нэмэгдсэн нь иргэдийн хуралдан авалтад маш их нөлөөлжээ. Үүнийг ч хуралд оролцож буй иргэд үг хэлэхдээ байнга онцолж байсан. Хамгийн чухал нь орон нутагт байдал хүндэрсэн байхад Засгийн газар ямар ч арга хэмжээ авахгүй байгаад иргэд дургүйлхэж байна. Тэр тусмаа эдийн засаг хямарч байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүх зүйл хэвийн мэтээр ярьж байгаа нь ард түмний эгдүүцлийг хүргэжээ. Аль ч аймагт очиход нийгэм, эдийн засаг, төр засгийн хийж буй ажлын талаарх шүүмжлэл хамгийн их өрнөж байсан юм. Тэр ч бүү хэл олон иргэд Засгийн газар, УИХ-ыг тараахыг шаардаж, үүнийг ард түмэн нийтээр дэмжинэ гэдгийг ч илэрхийлж байв. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг хямарч байхад ард түмэн Засгийн газарт хариуцлага тооцох тухай ярьж байсан. Түүнд үндэслэж сөрөг хүчин болох МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулахыг шаардаж байсан боловч эрх баригчид цээжээрээ хамгаалж үлдсэн. Тиймээс энэ удаа ард түмэн өнгөрсөн шиг тийм зүйл давтахыг хүссэнгүй. Монголын нийгэм, эдийн засгийн байдлыг элгээр нь хэвтүүлсэн, хариуцлагагүй ажиллаж байгаа Засгийн газрыг танхимаар огцруулах хэрэгтэй гэж дахин, дахин илэрхийлж байлаа. Бүр цаашлаад УИХ-ыг тарах хэмжээнд арга хэмжээ авах ёстойг мөн сануулсан. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй олон компани ам.долларын өсөлтөөс болж дампуурлын ирмэгт хүрчээ. Дараагийн нэг ярьж буй шүүмжлэл бол ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаас халагдсан гэх асуудал. Баянхонгор аймгийн хувьд Эрүүл мэндийн газрын дарга солигдсноос болж хөл толгойгоо олохоо байжээ. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн газраас ямар нэгэн шалтгаангүйгээр гурван жижүүр, дөрвөн бага эмч халагдсан юм байна. Тиймээс ч ард түмэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “нөгөө шударга төр” гээч нь хаана вэ гэдгийг хэвлэл мэдээллийнхэн биднээр дамжуулж асуусан юм. Төр засаг энэ мэт боловсролтой боловсон хүчнээ ажлаас халж байгаа нь өөрсдөө уураг тархиа сааж байгаатай адил хэмээн зарим хүн хэлэх юм. Өөрөөр хэлбэл, тэд Монгол төрийг уураг тархигүй, араг ястай зүйрлэж байна.
Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн хийж хэрэгжүүлж буй зарим ажил үнэхээр нүдээ олохгүй байгааг орон нутгаас харж болохоор байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай, орлоготой Монгол хүн” гэх уриаг хэзээ хэрэгжиж эхлэхийг ард түмэн хүлээж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлын байр нэмэгдэж байгаа хэмээн байнга хэлдэг ч бодит байдал дээр тийм биш байна. Аль ч аймагт очсон ажилгүйдэл асуудал болсон хэвээрээ байна. Ажилтай болох нь битгий хэл, ажил хийдэг нь халагдсан гэх шүүмжлэл тасрахгүй байна.
“Ийм дураараа эрх баригч, ийм дампуу Засгийн газрыг өнгөрсөн хугацаанд үзээгүй юм байна” гэж хэлэх хүн цөөнгүй таарсан. Мөн улс орны нийгэм, эдийн засгийн бүх үзүүлэлтийг ганцхан жилийн дотор “самарсан” хэмээн эрх баригчдыг буруутгаж байна. Тиймээс цаашид Монгол Улсын ард түмнийг төлөөлж, тэднийг удирдах эрхгүй хэмээн шүүмжиллээ. Ийнхүү иргэд олон түмний амнаас гарч буй хамгийн том шүүмжлэл бол Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг илүүтэй шаардаж байв. Тэд ч мөн адил дэмжихээ илэрхийлж байсан гэдгийг давтан хэлж байна.
Дашрамд хэлэхэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан баг энэ долоо хоногт Хөвсгөл, Орхон, Булган аймагт ажиллана.
Эх сурвалж: www.unen.mn