Замын-Үүдээс Алтанбулаг хүртэл хурдны замаар зорчино

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Замын-Үүдээс Алтанбулаг хүртэл хурдны замаар зорчино

Эх орныхоо зүүн үүд болсон Замын-Үүдээс баруун үүд болох Алтанбулаг хүртэл хурдны замаар зорчих боломжийг нээх нэгэн гэрээг үзэглэлээ. Энэ бол “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны замын концессын гэрээ юм. Гуравдугаар сарын 15-ны өдөр “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам”-ын концессын гэрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн Ерөнхийлөгч С.Отгонбаатар нар гарын үсэг зуржээ.  

Концесс эзэмшигч “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК нь гэрээг үзэглэсэн өдрөөс хойш есөн сарын хугацаанд нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулан Монгол Улсын төрийн захиргааны холбогдох байгууллагаар батлуулах, санхүүжилтийн гэрээг байгуулан төслийн эхний ээлжийн нэг тэрбум ам.долларын санхүүжилтийг аль нэг арилжааны банкинд байршуулах юм. Гэрээ нь концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжих бөгөөд концесс эзэмшигч нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон 1000 км транзит тээврийн хурдны автозамыг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш гурван жилийн дотор өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, 30 жилийн хугацаанд ашиглан, түүний дараа Монгол Улсын төрд үнэ төлбөргүй шилжүүлнэ.

Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны эл автозамыг  байгуулснаар дотоодын дэд бүтэц болоод эдийн засгийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулахаас гадна ОХУ болон БНХАУ-ын хооронд дамжин өнгөрөх транзит тээврийн эргэлт манай улсаар дамжих бололцоо бүрдэнэ гэж холбогдох мэргжилтнүүд мэдээлж байна. Төслийн барилгын ажилд ойролцоогоор 5500-7000 инженер, техникийн ажилчид шаардлагатай ба хурдны автозамыг дагаад тээвэр ложистикийн болон бусад үйлдвэр, үйлчилгээний шинэ төвүүд бий болох ажээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж