
Нийслэлийн хүн ам жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед газар өмчлөлийн асуудал хамгийн хурцаар тавигддаж байгаа. Иргэн бүр 0,07 га газрыг нэг удаа үнэгүй өмчилж авна гэж заасан боловч нийслэлд өмчлөх газар олдохгүй байна гэсэн шүүмжлэл тасрахгүй байгаа. Тэгвэл өнгөрсөн 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн тооллогоор нийт 52 байршилд 15309 га газрыг бүртгэж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэхээр байршил, байр зүйн зураг, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх ажлыг хотын захиргаанаас эхлүүлээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, иргэдэд 52 байршилд газар авах боломж бүрдэнэ гэсэн үг. Гэхдээ эдгээр газрыг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан судлах, нийслэлийн төлөвлөгөөт байршил орсон эсэхийг шалгаж, газар өмчлүүлэхээр тогтжээ. Шинээр газар авахыг хүссэн шилжин ирэгсдэд газар олгохдоо 2013 оны тавдугаар сарын 30-аас хойш шилжин ирсэн иргэдэд эдгээр 52 байршилд газар өмчлүүлэхгүй юм байна.
Мөн Улаанбаатар хот маань шинэ дүрэмтэй болох бөгөөд нийслэлд шинээр шилжин ирэгсэд шинэ дүрмийн дагуу сургалтад сууж, хотын иргэн болох эрх авна. Энэ нь дэлхийн бусад оронд ч туршигддаг арга гэнэ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нийслэлдээ шилжин ирэгсдэд тусгай хотын дүрмийн сургалтад хамруулдаг аж. Хотын дарга Э.Бат-Үүл “Хөдөөнөөс нийслэл хотод олон хүн ирэх нь муу зүйл биш. Би нийслэлд шилжин ирэгсдэд дуртай. Харин ч их ирээсэй гэж боддог. Бусад орны жишиг ч гэсэн ийм. Нийслэлд шилжин ирж болно, гагцхүү инженерийн шугамд холбогдсон орон сууцанд амьдрах ёстой гэсэн зарчмыг барьж ажилладаг. Хот шинэ дүрэмтэй болоод ирэхээр бид ч гэсэн энэ дүрмийн дагуу ажиллана” гэлээ. Хэрэв нийслэлд шилжин ирэх сонирхолтой ч орон сууц авах мөнгөгүй хүмүүс таван жилийн хугацаанд цалингийнхаа тодорхой хувийг байрны төлбөрт өгөх системийг ашиглаж болох гэнэ.
Байрны урьдчилгааг таван жилээр төлж болно
Зөвхөн цалингаас өөр орлогогүй иргэд нийслэлд маш олон байдаг. Тиймээс хотын захиргаанаас байрны урьдчилгаа мөнгөө төлөх боломжгүй иргэдэд боломж олгож, таван жилийн хугацаанд 30 хувийн урьдчилгаа мөнгөө цуглуулах боломж олгох юм байна. Өөрөөр хэлбэл, цалингаас өөр орлогогүй иргэд сар бүр цалингийнхаа 25-30 хувийг ч юм уу тодорхой хувийг нь төлөөд таван жилийн хугацаанд байрны урьдчилгаа мөнгөө олох боломжтой. Ингэснээр таван жилийн дараа байрандаа орсноор сар бүр төлдөг байсан мөнгөө графикийн дагуу төлөөд явах боломжтой гэнэ. Одоогоор энэ асуудлыг судалж, иргэдээс санал авч байгаа бөгөөд хэрэв иргэд дэмжих юм бол хэрэгжүүлэх гэнэ. Урьдчилсан байдлаар судалгаа авахад байрныхаа урьдчилгааг урьдчилан төлөх боломжийг иргэд ихээр дэмжсэн гэж хотын удирдлагууд хэлсэн. Хэрэв иргэд үүнийг нь дэмжихгүй бол энэ төслөө шууд зогсоох юм байна.
Улаанбаатар 14,3 тэрбум төгрөгөөр “ухаалаг” болно
Энэ жилээс “Ухаалаг Улаанбаатар” төсөл хэрэгжиж эхлэхээр болжээ. Энэ төслийн хүрээнд зургаан бүлэг бүхий 153 ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд 2014 онд нийслэлийн төсвөөс 14,3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгажээ. Үүний хүрээнд ухаалаг орчин, ухаалаг амьдрал, ухаалаг иргэн, ухаалаг үйлчилгээ, ухаалаг засаглал, ухаалаг эдийн засаг гэсэн чиглэлийг голчлох бөгөөд электрон, дижитал, смарт Улаанбаатар буюу Ухаалаг ногоон Улаанбаатартай болох гэнэ. Энгийн үгээр тайлбарлабал, нийслэлийн иргэн гэрээсээ бүх үйлчилгээг авах, аж ахуй нэгж, компаниуд нь өрөөндөө сууж байгаад л тендерт оролцож, бүх үйлчилгээг авах гэнэ. Орчин үеийн техник, технологи ашиглан ухаалаг болох ажил энэ ондоо багтаж эхлэх талаар нийслэлийн удирдлагууд онцолсон. Ухаалаг Улаанбаатар төслийн хүрээнд нэгдсэн сүлжээнд холбогдоогүй дүүрэг, хороодыг шилэн кабелиар бүрэн холбох, Улаанбаатар хотыг дүрэмтэй болгох, шилэн тендер, шилэн дансны тогтолцоог ашиглаж, төрийн үйлчилгээний төв байгууллагатай болох гэнэ. Үүнээс гадна, төрийн зарим чиг үүргийг гэрээт үйлчилгээнд буюу хувийн хэвшилд шилжүүлж, газрын бирж байгуулах, шуурхай удирдлага зохицуулалтын төв байгуулах зэрэг ажлыг төлөвлөжээ. Мөн нийтийн тээврийг ухаалаг болгоход Хөгжлийн банкны санхүүжилт буюу 13,3 тэрбум төгрөг зарцуулах гэнэ.
4,5 тэрбумыг хогны уутанд зарцуулна
Хогны уутанд гурван тэрбум төгрөг зарцуулж байна гэх шүүмжлэлийг нийслэлийнхэн хүлээж аваагүй бололтой. Учир нь, хогны уут тараах ажил цаашид ч үргэлжлэх бөгөөд энэ жил 4,5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвтөө суулгасан байна. Дэлхийн бусад орны жишгийн дагуу хогны уутыг тараах бөгөөд цаашид ч тараах ажлаа эрчимжүүлнэ гэж хотын удирдлагууд хэлэв. 2013 оны аравдугаар сараас 2014 оны нэгдүгээр улирлын хугацаанд 317 мянга 131 өрхөд 33,3 сая ширхэг хогны уут үйлдвэрлэхэд 3,1 тэрбум төгрөг зарцуулжээ. Тэгвэл энэ онд хогны уут дахин өөрчлөгдөж, 335 мянган өрхөд тараагдах бөгөөд 2014 оны дөрөвдүгээр сараас он дуустал буюу есөн сарын хугацаанд тараах уутанд 4,5 тэрбум төгрөг зарцуулах аж. Энэ жилийн хувьд гэр хороолол, орон сууцны айл өрхөд тараах уутнууд сэнжтэй ба сэнжгүй гэсэн хоёр төрөл, дөрвөн багц уут байх гэнэ. Төсөвт өртөг нь яагаад нэмэгдсэнийг хотын удирдлагуудаас тодруулахад “Өнгөрсөн онд тараасан айл өрхийн тоо энэ онд өссөн, дөрвөн төрөл болж байгаа зэрэг нь төсөв нэмэгдэх шалтгаан болсон” гэлээ.