УИХ-ын гишүүн О.Содбилэг өнгөрсөн өдрүүдэд Орхон аймагт ажиллаж, тойргийнхныхоо санал бодлыг сонсчээ. Хөгжлөөрөө улсдаа тэргүүлэх зэрэгт бичигддэг Эрдэнэт хотод бизнес эрхлэлт сайнгүй болж, худалдаа арилжаа муу болсон тухай гомдол мэдүүлжээ. Тухайлбал, “Хүлэг” захын худалдаа эрхлэгчдийн яриагаар мах, гурилан бүтээгдэхүүн, жимс, жимсгэний борлуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад 2-3 дахин буурсан байна. Махны борлуулалт ч сайнгүй аж, өмнө нь өдөрт нэг бүтэн үхрийн мах зардаг байсан бол одоо гурав хоноход борлуулж чаддаггүй аж. Худалдаачин бүр зээлтэй байгаа үед борлуулалт нь ийн муудсанаас түрээсийн төлбөрөө төлж чадахгүйд хүрч, ажлын байр ч үгүй болж мэдэхээр хүндхэн байгаа аж.
Худалдаа эрхлэлт ийн сайнгүй болсны жишээ зөвхөн хүнсний захынханд ч тулгарч буй бэрхшээл биш гэнэ. Тус аймгийн “Танил” техникийн захын 180 орчим түрээслэгчээс өнөөдөр 40 гаруй нь худалдаа эрхлэх боломжгүй болжээ. Учир нь импортоор оруулж ирж байгаа авто сэлбэгийн үнэ өссөнөөс борлуулалт багасч тэр хэрээр худалдан авах чадвар буурсан тул түрээс төлөх боломжгүй болж наймаачид ажлын байргүй болсон юм байна.
Машины сэлбэгийн үнэ ханш өсөхөд ам.долларын ханш өссөн нь голлон нөлөөлжээ.
Г.ДАРЬ