“Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэхэд манай улс Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахаар болсон байна. Төслийн зээлийн гэрээний хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 20 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 2.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Үүний дагуу Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Роберт Шоэллхаммер нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний дагуу Азийн хөгжлийн банкнаас хийгдэх санхүүжилт нь энгийн эх үүсвэрээс санхүүжих арилжааны зээлийн хөрөнгөөс бүрдэх юм байна. Мөн тус зээл нь 15 жилийн хугацаатай, үүнээс таван жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлж зээлийн хүү нь Лондонгийн биржийн банк хоорондын зах зээлийн жилийн хүүн дээр 0.4 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм байна. Төслийг хэрэгжүүлснээр мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд дэмжлэг болохоос гадна олон улсын санхүүгийн зах зээлд нэгдэн орох боломжийг өргөтгөх зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.
О.САР