“Алтан хуур 2014” наадам ирэх дөрөвдүгээр сарын 22-нд болох гэж
байгаатай холбогдуулан зохион байгуулагчид өнөөдөр “Бишрэлт” зочид
буудалд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд соёлын гавьяат зүтгэлтэн
Ж.Батбаяр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч
Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг, Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс,
Гавьяат жүжигчин У.Далантай, Анир студийн захирал, Соёлын тэргүүний
ажилтан Б.Алтанхуяг нар оролцон мэдээлэл хүргэлээ.
“Алтан хуур”
наадам нь 2005 онд анх нийтийн дууны шилдгүүдийг 12 номинацид 68 уран
бүтээлчид өрсөлдөн нэг гранпри 15 алтан цомын эздийг шалгаруулж байсан
бол ийнхүү есөн жилийн дараа дахин шилдгүүдийг шалгаруулахаар болжээ.
“Алтан
хуур” наадмаар дахин 15 номинациар шалгаруулалт хийхээр зэхээд байгаа
боловч чухам ямар ямар номинаци байхыг одоогоор хараахан шийдээгүй
байгаа ажээ. Зохион байгуулагчдын зүгээс шүүгчдийг шалгаруулаагүй
байгааг хэлж байлаа. Нийтийн дууны ам барьдаг уран бүтээлчдийг
оролцуулахгүй байх хатуу шалгуур тавихаар тус наадмын зохион
байгуулагчид зорилго болгон ажиллаж буй. Ц.Төвшинтөгс гавьяатын хувьд уг
асуудалд тун нухацтай хандаж байгаа бөгөөд энэ тал дээрээ ч тулж
ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийллээ.
Хамгийн сонирхолтой нь нийтийн дууны уран бүтээлчид улаан хивсний ёслол хийх гэнэ.