Монгол Улсын баялаг бүтээгчид нь бизнес эрхлэгчид. Улсын хэмжээнд 40 гаруй мянган аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй статистик мэдээ байна. Тэднийг төрөөс дэмжиж хууль эрх зүйн орчин бүрдүүлж өгч байгаа ч үйл ажиллагааг нь боомилсон шийдвэр олонтаа гардаг. Энэ нь тухайн бизнесийн эдийн засгийн эрх чөлөөнд шууд утгаараа халддаг гэж болно. Тиймээс энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцсан юм.
-Эдийн засгийн эрх чөлөө гэх ойлголтыг манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу. Монголд эдийн засгийн эрх чөлөө байна уу?
-Эдийн засгийн эрх чөлөөний тухай ойлголт суурь зүйл. Хүн төрөхдөө эрх чөлөөтэй төрдөг. Үүнийг жам ёсны эрх чөлөө гэнэ. Мөн эндээс урган гарсан аж амьдрал болон бизнесээ авч явах зэрэг нь эрх чөлөөтэй байх ёстой. Үүнийг төр тодорхой хуулиудаар зохицуулдаг. Энэ хүрээнд эдийн засгийн эрх чөлөөг боомилоогүй, хориглоогүй, урамшуулсан төрийн бодлого байх ёстой юм. Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөний индексээр дундаж төвшинд ордог. Манайд хийгдэж буй реформ буюу төрөл бүрийн хүнд суртлыг арилгах, тусгай зөвшөөрөл, лицензийн тоог бууруулах, ухаалаг төр рүү шилжих гээд байгаа нь эдийн засгийн эрх чөлөөг бүрэн олгох гээд буй санаа юм. Дэлхийд эдийн засгийн эрх чөлөөний индексээр Хонконг дээгүүр ордог. Манайх ядахдаа эхний 20-30-д орох бодлого байх ёстой. Одоогийн төр засгаас хэрэгжүүлж буй бодлого энэ аргачлал руу чиглэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эрх чөлөө тааруу байгаа учраас арилгах ёстой. Бизнесийг боомилсон, дарамталсан, төрөл бүрийн тусгай зөвшөөрөл, хяналт шалгалтыг багасгах шаардлага байна.
-Бизнесмэнүүдийг боомилоод байгаа тэр тусгай зөвшөөрөл, хяналт шалгалтыг яаж багасгах гэж байна вэ?
-Энэ байдлыг арилгахаар үе үеийн Засгийн газар янз бүрийн арга хэрэглэж байсан. Гэхдээ үүнд нэг зүйл л чухал байдаг. Тэр нь итгэл үнэмшил. Ард иргэд, бизнес эрхлэгчдэдээ эдийн засгийн эрх чөлөөг нь олгочихъё, хэт их төрийн оролцооноос бид зоригтойгоор татгалзъя, бизнес эрхлэгчидтэйгээ энэ чиглэлээр ярилцъя гэсэн итгэл үнэмшил байвал уг ажил амжилттай урагшилдаг. Энэ УИХ, Засгийн газар ийм итгэл үнэмшилтэй байгаа гэдэгт би найдаж байна. Тиймээс энэ чиглэлээр ажиллаж байгаа. Миний бие Засгийн газрын хүнд суртал тусгай зөвшөөрөл, лицензийн тоог багасгах ажлын хэсэгт ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт энэ чиглэлээр хуралдаж, нэлээдгүй тусгай зөвшөөрөл лицензийг багасгахыг холбогдох яам, агентлагуудад үүрэг болголоо.
-Тухайлбал?
-Санхүүгийн зохицуулах хорооны асуудлыг ярилаа. Тус хороо 60 гаруй зөвшөөрлөөс өөрсдөө сайн дураараа 20 гаруйгаас нь татгалзсан байсан. Үлдсэн зөвшөөрлүүдээ зайлшгүй хэрэгтэй гэж оруулж ирсэн. Бид тэгж үзээгүй. Үүнийгээ дахин 50 хувь багасгах үүрэг даалгавар өглөө. Зарим байгууллага ганцхан зөвшөөрөл хэлэлцүүлэх гэж оруулж ирсэн. Гэтэл ард нь 10 гаруй зөвшөөрөл байх жишээтэй. Тиймээс энэ зөвшөөрлүүдтэй нь цуг авч хэлэлцэнэ гээд буцаалаа. Иймэрхүү маягаар асуудлыг хэлэлцэж байна.
-Сүүлийн үед батлагдан гарсан хуулийн хэрэгжилтэд төрийн оролцоо их байна гэж бизнес эрхлэгчид шүүмжлэлтэй хандаж байсан. Танай ажлын хэсэг үүнд хэрхэн анхаарах бол?
-Үүнтэй санал нэг байна. Эдийн засгийн эрх чөлөөг боогдуулсан, бизнес эрхлэгчдийн сайн сайхны төлөө юм шиг мөртлөө бодит байдалд хор учруулдаг хэт их оролцоог байлгахгүй байхад манай ажлын хэсэг анхаарна. Ухаалаг төр гэдэг нь эдийн засгийн эрх чөлөөг хангадаг механизм юм. Түүнээс биш мэдээллийн технологид суурилж, хүнд суртлыг автоматчилдаг төрийг хэлдэггүй. Хүн агаар амьсгалдагтай адил тухайн хүн бизнес эрхэлж, аж амьдралаа дээшлүүлэх иргэний эдийн засгийн эрх чөлөө гэж бий. Монгол Улсын Үндсэн хуульд хүн аюулгүй, эрүүл байх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй гэж заасан. Энэ талаас нь бодож, эдийн засгийн эрх чөлөөний асуудлыг танай сэтгүүл их хөндөж байгаа юм байна. Энэ чухал асуудал. Эрх чөлөө гэдэг ойлголт манай ард түмний тархинд их хол санагддаг. Тэгсэн хэр нь бидний өдөр тутмын амьдралд эрх чөлөө дутагдаж байна. Дугаарлахгүй, хүнд сурталтай учрахгүй, хүүхдээ гадаа хонон өнжин байж цэцэрлэгт оруулахгүй, Гэмтлийн эмнэлгийн коридорт унтахгүй байх, зээлээ арын хаалгагүй хөөцөлдөөд авах, чөлөөтэй өрсөлдөх зэрэг эрх чөлөө бидэнд хэрэгтэй байна. Энэ бүхэн хүний эдийн засгийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүхий л нөхцөл боломж, хөшүүргийг бий болгох нь чухал. Монгол Улсын баялгийг бий болгох хүмүүс эрх чөлөөтэй байх ёстой юм.
-Засгийн газар, УИХ-аас гарсан ажлын хэсгийнхэн бизнес эрхлэгчдийг боомилсон зүйл заалтуудыг багасгана гэж ойлголоо. Ажлын үр дүн хэзээ гарах вэ?
-Францын хувьсгалын дараа хүн цаазлахад хэрэглэдэг багажийг гялатин гэж нэрлэдэг байсан. Өөрөөр хэлбэл, тас цавчих багаж гэсэн үг. Манай баг энэ багажтай утга дүйж очно. Баг маань хоёр хэсэгтэй. Эхний хэсгийг Засгийн газрын хууль зүйн хэлтсийн дарга Энхтуяа ахалж байна. Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн энэ багийнхан 1200 гаруй тусгай зөвшөөрөл, лицензэд бүтэн жилийн турш ажилласан. Дээд хэсэг буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан УИХ-ын гишүүдээс бүрдсэн баг мөн ажиллаж байна. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Д.Зоригт, М.Батчимэг, Б.Гарамгайбаатар миний бие ажиллаж байгаа. Бид дэд хэсгийн ажиллаж багасгасан тусгай зөвшөөрөл, лицензийг дахин авч хэлэлцэж байна. Үүнийг бид авч хэлэлцэхдээ гурван асуулт асууж байгаа. Бүр тодруулбал, яагаад хэрэгтэй юм, үүнгүйгээр болохгүй юм уу, үүнийг өөр газруудад шилжүүлж болох уу, бизнест ээлтэй байж чадах уу гэдгийг асууж байна.
С.Заяа
Эх сурвалж: "Mongolian Economy" сэтгүүл