Шүгэл үлээгчдийг хараандаа байлгах хар “дэвтэр”

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Шүгэл үлээгчдийг хараандаа байлгах хар “дэвтэр”

“Нүүр ном”-ноос 1965 оноос өмнө төрсөн, тийм хаягтай хүмүүсийг устгахаар болж буй талаар яригдаж байна. 2014 оны нэгдүгээр 1-ний мэдээгээр facebook идэвхитэй хэрэглэгчдийн тоо 2013 онд өмнөх онтой харьцуулахад 22 хувиар өссөн гэнэ. Хэрэглэгчдээс гадна Facebook-т нийт 54,2 сая пейж байдаг төдийгүй 20 минут тутамд Facebook-т нэг сая линк шэйрлэж, хоёр сая найзын хүсэлт, гурван сая мэссеж илгээдэг юмсанжээ. Ийм байдлаар жилээс жилд өсөн нэмэгдэж буй учраас мэдээллийг хадгалах бааз суурь нь ачааллаа дийлэхгүйд хүрч болзошгүй учраас өтөлсөн, өөр ертөнц рүү илгээгдсэн байж магадгүй, нэг ёсны мэдээлэл нь тийм ч чухал биш гэж үзсэн тэтгэврийнхнийг Facebook-ээс арчихаар шийдсэн бололтой юм. Дэлхийн долоон тэрбум хүний 1,31 тэрбум буюу долоон хүн тутмын нэг нь Facebook-ийн сарын идэвхтэй хэрэглэгч  байдаг агаад идсэн хоол, хийдэг ажил, ойр дотныхон, юунд дуртай, дургүй, ямар улс төрийн чиг баримжаатай, хэний дууг сонсч, юуг мэдрэхээрээ уйлж, яахаараа инээдэг, тэр ч бүү хэл юунаас харшилдаг, юунд “нугасгүй” вэ гэдгээ хүртэл, ер нь бүхий л мэдээллээ оруулах болжээ. Нэг ёсондоо үүгээр дамжуулан хувь хүний нууцад хамаарах мэдээлэл алдагдах эрсдэлд орж байна гэсэн үг. Сүүлийн үед facebook, твиттерийг АНУ-ын мэдээлэл цуглуулах, нөлөөллөө бий болгох зорилгоор ашигладаг гэж хэн хүнгүй ярих болсон.

Ер нь аливаа эрх баригчид болж өгвөл иргэдийг хараа, хяналтандаа байлгаж, боломж олдвол тэднийг  дарамтлах бүхий л мэдээллийг цуглуулж, хүссэнээрээ хайрцаглахыг ямагт хүсдэг. Тиймээс ч аль болох элдэв журам, хууль гарган нууцад нь халдахыг эрх баригчид санаархдаг бол том гүрнүүд бусад улсын бодлогод нөлөөлөх, өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх үүднээс тагнаж, чагнадаг. Харин түүнийгээ маш нууц түвшинд хийдэг ч өөрийн эрх ашгаас нийтийн эрх ашгийг илүүд үздэг төрийн албан хаагч, иргэд ил болгосоор байдаг. Нэг ёсны гадаадад “шүгэл үлээгчид” гээд байгаа тэдгээр эрхэм хүмүүсийн ачаар бид эрх баригчдын ямар бузар, харгис муухай зүйл хийдгийг мэддэг.

Жулиан Асанжийн дэлгэсэн баримтаас бид эрх чөлөө ярьдаг улс хэрхэн хүчирхийлэл үйлдэж, наанаа иргэдийнхээ төлөө гэж хэлчихээд цаанаа хэрхэн луйвар хийж байсан улстөрчдийг мэдэж авсан. Хамгийн сүүлд л гэхэд, АНУ-ын ТТГ-ын ажилтан Сноудений илчилсэн нууц мэдээлэлтэй холбоотой дуулиан одоог хүртэл тасраагүй байна. Хожимдсон ч гэлээ Сноудений илчилснээр Америкийн Аюулгүй байдлын агентлаг нь Европын улс төрийн элитэд багтдаг хүмүүсийн утасны яриаг 10 гаруй жилийн турш нууцаар чагнадаг байсныг бид мэдэж авлаа. Германы Канцлер Ангела Меркелийг гэхэд л парламентын сөрөг хүчин байсан “Христийн ардчилсан хүчин”-ийн тэргүүлэгч байсан цагаас, канцлер болохоос гурван жилийн өмнөөс эхлэн утасны яриаг нь нууцаар чагнадаг байжээ.

Хэдийгээр Обама хүртэл ингэж нууцаар чагнадгийг нь мэддэггүй байсан гээд байгаа ч эрх баригчид үеийн үед түүний төлөө л зүтгэж ирсэн нь нууц биш. Тиймээс ч хувь хүний нууцыг аль болох ил болгохыг зорьдог. Харин түүнийг нь ил болгосноороо Сноуден төрийн дайсан болон хувирч, эх орноосоо арга буюу дүрвэхэд хүрчээ. Манайд ч ялгаагүй. Өмнөх нийгмийн үед намын гишүүнээр элсээгүйн дээр аливаад шүүмжлэлтэй ханддаг хэн бүхнийг ажил мэргэжил, албан тушаалаар нь гадуурхан хавчиж, залхаан цээрлүүлж ирсэн.

Ардчилал ялснаас хойш ч иргэдийг өөрсдийнхөөрөө  байлгахын тулд ямар нэгэн байдлаар ил биш ч нууц данс гаргасаар иржээ. Энэ хар дансыг сонгууль дөхөөд ирэхээр бүр идэвхтэй хөтөлдөг. МАН-ын дэмжигчийг улаанаар, Ардчилсан намынхыг цэнхрээр, нам бус яаж ч мэдэх нөхрийг хараар тэмдэглэсэн олон судалгааг харж л явлаа. Түүндээ түшиглэн намынхнаа урамшуулах нэрийдлээр мөнгө тарааж, сонгогдсон хойноо өөрсдийг нь дэмжээгүй нөхдүүдэд нийгмийн халамж үзүүлэхгүй байхаас эхлээд элдвээр шоглочихдог нь энгийн үзэгдэл.

Энэ явдал шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар зогсох болов уу гэтэл тэгсэнгүй. Харин ч эсрэгээрээ Нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хувь хүний нууцыг ил болгоно, сэтгэгдлийг регистрийн дугаараараа бичдэг болно ч гэх шиг өмнөхөөсөө өөрцгүй шийдвэр гаргахыг оролдож, хувь хүний эрх чөлөөнд заналхийлэх болов. Хэдийгээр энэ бүхэн иргэдийн эсэргүүцэлтэй тулаад больсон ч гэлээ иргэдийн санал хүсэлт, гомдлыг шуурхай хүлээн авах “11-11 төв”, нийслэлийн “1200” гэгчээр хар дэвтэр нээчихсэн явж л байна. Мэдээж хэрэг ахуйн болон тодорхой асуудлаар гомдол гаргаж буй хүмүүсийн буцаад холбоо барих утас, хаяг, регистрийг тэмдэглэж авах нь зүйн хэрэг л дээ. Харин шүүмжлэл хэлсэн хүн бүрийг заавал бүртгэнэ, бүртгүүлэхгүй бол санал шүүмжлэлийг хүлээн авахгүй гээд байгаа нь хардлага төрүүлнэ.
Хүнд нэрээ нууцлан чөлөөт шүүмжлэл явуулах эрх бий. Олон улсад ч үүнийг хөхиүлэн дэмждэг. Учир нь өөрийн нэр, хаяг, утас гэх мэт нарийн мэдээллийг бүртгүүлэх нь тухайн хүнийг эргээд эрсдэлд оруулж болох учраас хүлээн зөвшөөрдөг. Жишээлэхэд, тухайн төрийн албан хаагч өөрийн дарга, удирдлагынхаа хууль бус үйлдэл, бусармаг ажиллагааны талаар шүүмжлэлээ хэллээ гэхэд бүх мэдээллээ үлдээх нь өөрийг нь эргээд хэцүүхэн байдалд оруулах эрсдэлтэй. Тухайн хүн хэн байх, юу хийдэг, ямар утастай байх эсэх нь хамаагүй. Харин өөрийн үзэл бодлоо илэрхийлэн асуудалд шүүмжлэлтэй хандах эрхтэй. Тэр тохиолдолд бүх мэдээллээ өгөх ямар шаардлага байна вэ? Хэн шүүмжлээд байгааг мэдэж, түүнтэй тулж ажиллах гээгүй л бол түүний талаарх мэдээллийг цуглуулах нь хүний эрхийг хаан, боогдуулж байна аа л гэсэн үг. 

Тэгэлгүйгээр албан тушаалтны талаарх ажилтнаас нь гомдол ирсэн тухай ярих нь утгагүй. Нөгөөтэйгүүр эрх баригчид өөрсдийг нь хэн шүүмжлээд байгааг шууд мэдээд тухайн хүнд ямар нэгэн байдлаар нөлөөлөх явдал ч гарахыг үгүйсгэхгүй. Тэгээд ч бүх мэдээллийг нь тэмдэглэж авч байгаа нөхцөлд шүүмжлэл хэлж, өөрийгөө эрсдэлд оруулах хүн гарах уу. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж нэг хэлбэрээр хумигдаж байна л гэсэн үг. Хэрэв өөрийн мэдээллээ нууцлахыг хүсвэл бүртгэж авах боломжгүй гэж хэлээд байгаа нь “Сайхан мэдээрэй чи” гээд байгаагаас өөрцгүй сонсогдоод байна. Тиймээс эрх чөлөөт ардчилсан улсын иргэн "шүгэлдвэл  баригдаж баларна аа" л гэсэн үг. Эрх баригчдыг шүүмжилж шүгэлдээд байдаг нөхдүүд хэзээний хар дансанд орчихсон л яваа болов уу даа. “Хэн юу гэж хүн доромжлоод байгааг нь ил болгох хэрэгтэй” гэж хөөрхөн сэнхрүүлээд байгаа шүү дээ, эрх баригчид. Магадгүй таны шүүмжлэл хэлж, тэмдэглүүлсэн утсыг чинь хэзээний чагнаад эхэлчихсэн байх вий!

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж