Сөрөг хүчинд бэлдсэн зууш

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчинд бэлдсэн зууш

Ардчилсан нам улсын хэмжээнд ч нийслэлийн хэмжээнд ч эрх баригч хэмээгдэж буй. Хүнд суртал, шаардлагагүй шат дамжлага зэргийн эсрэг дориун дуугарч, овоохон шинэчлэл хийж байгаа ч аар саархан зүйл дээр амбийц, ашиг хонжоо харснаас болж олон нийтийн дургүйцлийг төрүүлж, энэ бүхнээсээ болж сөрөг хүчиндээ улс төрийн тоглолт хийх боломжийг олгосоор. Хамгийн сүүлийн жишээ нь “хогны уут”. Байсан байгаагүй нь ялгаагүй энэ ногоон уутнаас болж жиргээчид шуугилдаж, үүн дээр нь МАН-ын том жижиг улс төрчид шаагиж байна. 
МАН-ын залуус хэдийн "Хогны уутны мөнгөөр хүүхдийн эмнэлэг барья" аян эхэллээ.Нэгдээрэй залуусаа.10000 хүн нэгдвэл асуудлыг авч үзнэ гэж хотын удирдлага мэдэгдэв” гэх жиргээгээр олон нийтийн саналыг цуглуулсаар явна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд хамгийн хол явсан сэдэв нь ийнхүү хогны уут байв.  
“Азийн цагаан дагина” нэртэй ногоон уутны өөрийн өртөг нь 95 төгрөг. Ингээд нэг айлд сард 15 ширхэг уут өгнө гэж бодохоор нийслэлийн 317 мян­ган өрхийн жилийн хэрэгцээг хангахын тулд хамгийн багадаа 5.4 тэрбум төгрөгийг хогны уу­танд зарцуулахаар байгаа тухай тооцоолол гаргаж үүний оронд коридорт хэвтэж байгаа хүүхдүүдэд эмнэлэг барих нь зүйтэй гэцгээв.

Ялихгүй юмнаас ямааны гарз гэдгийг ойлгохгүй хогны уутыг боловсронгуй болгож бариултай болгоно гэж муйхарласаар. Үнэндээ байсан байгаагүй нь ялгаагүй  хогны уутаар дэнчин тавьж эрх баригчид нэр нүүрээ барж сууна гэдэг нь даанч харамсалтай.

Мөн амралтын өдрүүдэд хүүхдэд зориулсан ном сурах бичгүүдэд дуртай зүйлээ оруулж байгаа тухай шүүмжлэл, Сарандаваа авхайн даллагаар мөнгөтэй болчихно гэж боддог хүмүүс Монголоор дүүрэн байхад бид хэзээ улс шиг улс, хүн шиг хүн болно доо гэх халаглал, Оскарыг түүсэн 12 жилийн боолчлолыг үзүүлнэ гэж хагас цаг реклам үзүүлж байгаад хулхидан солонгос кино үзүүлсэн ETV телевизэд хандсан гомдол, шүлхийн вакцин хөлдөөгүй байхад хөлдсөн болгож хэвлэлээр сенсаацилдаг шударга бус өрсөлдөгчдийн талаар яриа хөөрөө өрнөж байлаа. Амралтын өдрийн сэдэв нь ирэх долоо хоногийн голлох сэдвийн нэг байдаг. Тэгвэл энэ долоо хоногт сөрөг хүчиндээ бэлдэж өгсөн зууш буюу “Азийн цагаан дагина”-ны эсрэг хөдөлгөөн ч хүчтэй өрнөх биз.

Цахим Болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж