“Нүүдэлчдийн адууны соёл” бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2014.03.16-нд нийтлэгдсэн

“Нүүдэлчдийн адууны соёл” бага хурал боллоо

Монголын үндэсний их сургууль /МҮИС/-аас санаачлан өнөөдөр “Нүүдэлчдийн адууны соёл” онол практикийн бага сургуулийг сургууль дээрээ зохион байгууллаа. Тус бага хуралд нийтдээ 13 илтгэл хэлэлцэгдэх байсан ч ШУА-ийн Археологийн хүлээлэнгийн эрдэмтэн Д.Цэвээндорж биеийн байдлаас болоод ирж амжаагүй юм.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал “Төвөргөөн” нэртэй дан адууны зургуудаар дагнасан уран зургийн үзэсгэлэнгээр эхэлсэн юм. Хурлын зочдоор МУ-ын Тод манлай уяач Д.Онон, МУ-ын Төрийн хойшой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, яруу найрагч Ай.Төмөр-Очир зэрэг эрхэм хүндтэй хүмүүс хүрэлцэн ирсэн бол ММСУХ-ны зөвлөх, доктор А.Баярмагнай/Монголчуудын хурдан морины соёл/, МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэл/Монгол адууг сайжруулах чиглэлээр хийгдэж буй ажлын зарим үр дүн/ зэрэг илтгэлүүд тавьсан юм.

Төв Азийн өндөрлөг, тэр дундаа Монгол нутагт анх адуу үүссэн гэж үздэг бөгөөд Дорноговь аймгийн Эргэлийн зоо орчимоос 65 сая жилийн өмнөх үед хамаарагдах таван хуруутай адуу олдож байсан нь үүнийг нотолдог байна. Тиймдээ ч өнөөдрийн хурлаар нүүдэлчин монголчуудын адуу эдлэх их соёл, уламжлал, дэлхийн дайдыг хэмжиж явсан Чингис хааны байлдан дагуулалт монгол морьтой салшгүй холбоотой зэрэг олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдлээ. 

Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцсэн асуудлуудтай холбоотойгоор төрийн болон зарим төрийн бус байгууллагуудад уриалга гаргах юм байна.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж