Крымчууд сонголтоо хийж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.16-нд нийтлэгдсэн

Крымчууд сонголтоо хийж байна

Крымын хойгийн оршин суугчид өнөөдөр тун чухал сонголт хийхээр саналаа өгцгөөж байна. Бүх нийтийн санал асуулгын саналын хуудсанд орос, украин, крымын татар хэлээр хоёр асуудлыг тусгасан байгаа. “Та Оросын Холбооны субьектын эрхтэйгээр Крымыг Орост нэгтгэхийг дэмжиж байна уу?”, “Та Крымын 1992 оны Үндсэн хуулийг сэргээн Крымыг Украины хэсэг гэсэн статусын төлөө байна уу?” гэсэн хоёр асуудалд крымын оршин суугчид хариу өгнө.

Крым, Севастополийн төрийн статусыг шийдэх бүх нийтийн санал асуулга өнөөдөр Крым даяар явагдаж байна. Бүс нутгийн иргэд нь Украины бүтцэд байж автономийн эрх мэдлээ нэмэгдүүлэх, эсвэл ОХУ-д нэгдэх гэсэн хоёр сонголтын нэгийг сонгоно. Крым хотын статусыг тодорхойлох бүх нийтийн санал асуулгыг Киевийн засаг захиргаа хууль бус гэж үзэж байгаагаас гадна барууны орнууд үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Санал асуулгын дүн эцсийн байдлаар тодорхой болсны дараа ОХУ энэ талаарх хандлагаа илэрхийлэх гэнэ. Гэхдээ хойгийн удирдлага Москва Крымыг өөртөө нэгтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Баасан гаригт Оросын ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтай утсаар ярилцахдаа бүс нутгийн  бүх нийтийн санал асуулга нь Олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрмэнд бүрэн нийцэж байгаа гэлээ.

Санал хураалт хэрхэн явагдах вэ?

Бүх нийтийн санал асуулга явуулах Крымын комиссийн тэргүүн Михаил Малышев санал авах төвүүд бүгд бэлэн болсныг мэдэгдэж, санал асуулгыг нээсэн юм.

Саналын хуудсанд орос, украин, крымын татар хэлээр “Та Оросын Холбооны субьектын эрхтэйгээр Крымыг Орост нэгтгэхийг дэмжиж байна уу?”, “Та Крымын 1992 оны Үндсэн хуулийг сэргээн Крымыг Украины хэсэг гэсэн статусын төлөө байна уу?” гэсэн хоёр асуудал бичигдсэн байна. 50-иас дээш хувийн санал авснаар тухай асуудлыг баталгаажсанаар тооцох ажээ.

Крымын оршин суугчид санал хураах 1205 цэгт очиж, эсвэл гэрээр санал өгч болно. Украины Хууль зүйн яам Крымын сонгогчдын жагсаалтын баазыг хаасан учраас 2012 оны Украины Дээд радын сонгуулиар ашиглагдсан жагсаалтын нэрсийг ашиглах ажээ. Мөн сонгогчдод нэрээ шалгах боломж өгсөн байна.  Засварлагдсан жагсаалтын дагуу Крымын 1,5 сая сонгогчийн нэр бичигджээ. Нийт 1,55 сая саналын хуудас хэвлэсэн ба сонгогчдын оролцоо ная орчим хувьтай болно гэсэн тооцоо байгаа. Олон нийтийн сүүлчийн санал асуулгаар хойгийн оршин суугчдын 90 хувь нь Орост нэгдэхийг дэмжжээ. Уг санал асуулгыг "СРЕЗ" гэх арилжааны бус иргэний төвийнхөн явуулжээ.

Санал хураах төвүүд орон нутгийн цагаар 08.00 -20.00 цагийн хооронд ажиллана.

Сэтгүүлчид, ажиглагчид ба exit polls

Бямба гаригийн үд гэхэд санал хураалтыг сурвалжлах 169 хэвлэл мэдээлийн  623 сурвалжлагч нар, 23 орны 135 ажиглагч бүртүүлээд байв. Орос, Латва, Бельги, Польш, АНУ, Монгол, Хятад, Серб, Израиль, Франц, Герман, Итали, Испани, Грек зэрэг орноос ажиглагчид очжээ. Мөн тэдний дунд Баруун, Зүүн Европын орнуудын депутатууд, Европарламентын хууль тогтоогчид багтаж байна.
Түүнчлэн Оросын Төрийн думын 20 гишүүн ажиглагч хийх гэнэ. Сэтгүүлчид санал хураалтын үеэс сурвалжлах бөгөөд тэдэнд зориулсан төв нээжээ.

Севастополийн санал хураалт

Севастополь хот нь Украины бүтцийн засаг захиргааны тусгай нэгж юм. Тэнд 305 мянган хүний саналыг авах 192 санал хураах байр ажиллана.

Бараг 50 гаруй олон улсын ажиглагчид, 15 орны 200 сэтгүүлчид  хотын санал хураалтыг  ажиглан сурвалжлах юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж