Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак өчигдөр мэдээлэл хийж, онгоцны нисгэгчийн бүхээгт байсан хэн нэгний шийдвэрээр онгоц чиглэлээ өөрчилж ниссэн талаарх таамаг мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Түүнчлэн энэ өдөр Малайзын албаныхан онгоцны ахмад, ахлах нисгэгч, 53 настай Захари Ахмад Шах, туслах нисгэгч, 27 настай Фарк Аб Хамид нарын гэрт нэгжлэг хийсэн байна. Захари Ахмад Шах нь Малайзын нийслэл Куала Лумпур хотын захад Шах Алам гэх газар амьдардаг байна. Албаныхан туслах нисгэгчийн гэрээс дэлгүүрийн тортой төстэй олон жижиг ууттай зүйл авч гарсан тухай эх сурвалж мэдээлжээ. Гэхдээ албан ёсны мэдээллийг одоогоор цагдаагийнхан өгөөгүй байна.
Онгоц гэнэт чиглэлээ өөрчилж ниссэн нь төлөвлөсөн зүйл байсан уу, эсвэл санамсаргүй, зайлшгүй тохиолдол байсан эсэхийг тодруулахыг албаны хүмүүс ажиллаж байгаа тухай Малайзын Ерөнхий сайд хэлжээ.
Онгоц сураггүй болсон шалтгааныг нисгэгчидтэй холбон тайлбарлах хамгийн эхний сэжүүр нь онгоц гэнэтхэн, огцом чиглэлээ өөрчилсөн явдал гэнэ. Учир нь онгоц Куала Лумпурын агаарын замын удирдлагатай сүүлийн удаа холбогдсон бөгөөд Вьетнамын талын удирдлагатай холбогдох ёстой байсан ч тэгэлгүйгээр шууд чиглэлээ өөрчилжээ. “Энэ л алга болох хамгийн тохиромжтой газар” гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Онгоцны нисгэгч хамгийн сүүлд дуут холбоо хийхдээ “Бүх юм сайн. Сайхан амраарай” гэсэн байна.
Малайзын Ерөнхий сайдын тайлбарласнаар сураггүй болсон онгоц Малайзын дээгүүр баруун зүгийг чиглэн нисч байсан ч гэнэт баруун хойш эргэж Бенгалын булан, эсвэл Энэтхэгийн далайн баруун өмнөд зүг рүү ниссэх болохыг цэргийн радараас олж илрүүлсэн гэнэ. Үүнээс үүдээд онгоц сураггүй болсон нь осол биш, хэн нэгний удирдлагаар гэнэт чиглэлээ өөрчилсөн гэж дүгнэхэд хүргэж буй ажээ. Тиймээс онгоц барьцаалагдсан байж болзошгүй гэх таамаг бас нэгэн боломжит хувилбар болж буй гэнэ. Холбогдох албаны хүмүүс учир шалтгааныг илрүүлэхээр шаргуу ажиллаж байгаа ажээ.
Одоогоор эрлийн ажиллагааны төв цэг нь Энэтхэгийн далайн өмнөд хэсэг болоод байна. Малайзын албаныхны үзэж буйгаар онгоц холбоо тасарснаас долоон цаг орчим ниссэн гэнэ. MH370 нислэг Куала Лумпураас гуравдугаар сарын 8-ны 00:41 цагт хөөрсөн, хамгийн сүүлд 8:11 цагт хиймэл дагуулаас онгоцны талаарх мэдээлэл ирсэн байна. Онгоц баруун хойд зүгт ниссэн гэвэл Казахстан, Туркменистаны хил залаа газар, Тайландын хойд хэсэг, Индонези орчимд, Энэтхэгийн далайн өмнөд хэсгээр эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж албаныхан үзэж буй ажээ.