Үндэсний Супер лигийн энэ жилийн томоохон онцлогуудын нэг нь анх удаагаа Sprite Супер Лигээс “Говь-Алтай МонТорх” баг дэвшин тоглолоо. Мөн АНУ-аас өндөр ур чадвартай, NBA-ын драфтад нэрээ дэвшүүлж байсан 20 легионер тамирчин хүрэлцэн ирж, лигийг улам хурц өрсөлдөөнтэй болгосон юм.
Мөн энэ удаагийн лигт ерөнхий ивээн тэтгэгчээр Сэнгүр брэнд ажиллаж, сагсан бөмбөгийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа. Сэнгүр брэндийн зүгээс үзэгчдийг хөгжөөж, тамирчидтай холбосон Бүх Оддын тоглолт, хөгжөөн дэмжигчидийн тэмцээн, урлаг соёлын үзүүлбэрүүд зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй байлаа. Тийм ч учраас тоглолт бүр улам сонирхолтой, Спортын төв ордон үзэгчдийн уухайгаар тасрахгүй байж чадсан юм.
Мөн Үндэсний Супер Лиг нь Монголын хамгийн их буюу 70 сая төгрөгийн шагналын сантай. Энэ удаагийн Үндэсний Аварга баг 40 сая төгрөг, мөн Монгол орны газрын зурагны хэлбэртэй тун өвөрмөц медаль, цом, бөгж, малгай, цамц, цаг, Сэнгүр болон Sprite брэндийн гарын бэлгээр шагнуулсан. Мөн мөнгөн медаль хүртсэн “УБ Альянс Тех ШУТИС-н Харцага” баг 20 сая, хүрэл медаль хүртсэн “Баянгол Гурван Тамир” баг 10 сая төгрөгөөр шагнууллаа.
Харин энэ удаагийн Финалын Үнэ Цэнэтэй Тоглогчоор сүүлийн гурван тоглолтод багаа оноо авалтаар тэргүүлсэн Т.Санчир тодорлоо. Энэ шагналыг хоёр сая төгрөг, үнэ бүхий зүйл дагалдсан. Мөн энэ улирлын шилдэг шинэ тоглогчоор “Говь-Алтай Монторх” багийн тоглогч О.Нямбаяр тодорсон бол Д.Даваахүү агсаны нэрэмжит холын зайн шилдэг мэргэн буучаар “Дорнод Танан Гарьд” багийн тоглогч М.Отгонмөнх тодорсон юм.