Та эхнэртэй эртэй хайр сэтгэлийн холбоотой байг. Та хоёрын энэ харилцаа удаан үргэлжилж байгаа ч дурлалт залуу чинь эхнэрээсээ салж тантай амьдралаа холбохыг яагаад ч юм яарахгүй байгаа. Таны амьдрал зөвхөн хүлээлтээр дүүрэн. Яагаад гэвэл хоромхон агшны учралын төлөө та ямагт бэлэн байх хэрэгтэйн дээр түүний ажлын цагийн хуваариас хамааралтай байдгаа байнга л мэдэрч явдаг. Мэдээж ийм харилцааг та удаан үргэлжлүүлэх хүсэлгүй л биз дээ. Тэгвэл та юуны түрүүнд,
-Түр зуурын ийм хайр сэтгэлийн холбоо нь хэнийг ч аз жаргалтай болгодоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн та хоёрын дурлалын түүх ч сайхнаар төгсөх магадлал бага гэдгийг ухаар.
-Тиймээс үр дүнгүй найдвар тээн шаналахын оронд эхнэргүй чөлөөт эрчүүдэд анхаарлаа хандуулсан нь дээр. Зоримог алхам хийхэд чинь туслах үүднээс эрчүүд ямар шалтгаанаар ийм үйлдэл хийдэг тухай өгүүлье.
Ингээд эрчүүд яагаад эхнэрээсээ салахыг яардаггүй вэ?
Сэтгэл зүйн үүднээс авч үзвэл:
Эрчүүд өөрийнхөө үйлдэл бүрийг эмэгтэйчүүдээс илүү хянаж чаддаг. Ийм учраас үр хүүхэд, ажил төрөл, орон байр гээд амьдралыг нь ганхуулах шалтгаануудад тун болгоомжтой ханддаг байна. Эрчүүд амьдралынхаа тогтсон хэв маягийг тийм ч амархан өөрчлөхгүй. Олон жилийн хөдөлмөрөөрөө босгосон ахуйгаа хоромхон агшинд нурааж орхихыг бүр ч хүсэхгүй нь лав.
Ер нь эхнэртэй эр нөхөртэй эмэгтэйчүүдийг бодвол илүү эрх чөлөөтэй байдаaг. Гэрийн доторх “бантан”, үр хүүхдийн хүмүүжил энэ бүгд эхнэрийн л хүрээний асуудал гэж тэд боддог. Тийм болохоор эрчүүдэд үдшийн цагаар цаг зав гаргах боломж бишгүй гарна. Тэд илүү цагаар ажиллах, эртний танилтайгаа уулзан ганц хоёр шил шар айраг уух гээд гэр бүлээс гадуур сул “зав” ихтэй. Ийм зав цагийг тэд нууц амрагтаа “илүүчилдэг” юм.
Эхнэрээ “араар тавигч” эрчүүд дотроо гэмшиж, эмзэглэж явдаг гэж та бодож байна уу. Огтхон ч тийм биш. Харин ч бүр эсрэгээрээ. Нууц амрагтай байх нь эрчүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлж, тэдэнд сэтгэлийн таашаал авчирдаг. Эрчүүдийн ертөнц нууц амрагийг ийм л өнцгөөс олж хардаг юм.
Эхнэрээсээ тун удахгүй сална гэдгээ нууц амрагтаа тэд амлах хэр нь “Одоохондоо хүүхэд бага, эхнэр өвчтэй байна” гэх зэрэг гарцаагүй шалтаг тоочин “бултдаг”. Тиймээс тэдний харилцаа энэ байдлаараа хэдэн жилээр ч үргэлжилж болно. Тэгвэл ийм харилцаа аль хэр удаан үргэлжилнэ, төдий хэмжээгээр түүний эхнэрээсээ салах “шанс” багасдаг болохыг та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Магадгүй та түүнийг эхнэрээсээ салах гэж олон удаа оролдсон гэж “өмөөрч” болох ч ямар нэг зүйлийг тэр таны төсөөлснөөс өөрөөр хийсэн л байж таарах нь.